МУГЖ, дуучин Б.Дашдондогийг эгэл даруухан хэрнээ эгэлгүй их авьяасын уурхай хэмээн урлагийнхан ярилцдаг. Амьдарч байсан орон байраа тавилгатай нь зараад одоогийн студиэ ажиллуулж байсан гээд бодоход урлагт бие сэтгэлээ харамгүй зориулсан нь харагдана.
Өнгөрсөн түүний төрсөн өдөр тохиосон бөгөөд урлаг соёлынхон оролцсон томоохон арга хэмжээ болж өнгөрчээ. 50 насны төрсөн өдөр мөн урлагт зүтгэсний 30 жилийн ойтой зэрэгцэн гэргийтэйгээ мөнгөн хуримын ёслол давхар үйлдэж хуримын бөгжөөр гангарав. Сүйт бүсгүйн цагаахан гивлүүр зүүсэн Ш.Нараа, Б.Дашдондог нарын хүндэтгэлийн арга хэмжээний бялуу нь таван давхар бөгөөд хамгийн дээд хэсэгт микрофон хийжээ.
Телевизийн засварчин мэргэжилтэй ч телевиз засч үзээгүй хэмээн нэгэн ярилцлагандаа хэлсэн Дашка залуу насандаа хачин ганган байсан гэдэг. Түүний залуу үеийн зургийг “Бибер үсний засалт” хэмээн шоглох нь ч бий. 50 насны төрсөн өдрийн арга хэмжээнд Асашорюу Дагвадорж, Хар Сарнай хамтлагийн Амраа, Камертон, дуучин Номин, Sweetymotion хамтлаг зэрэг олны танил алдартнууд оролцжээ.






