Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байхдаа СХД-ийн 32 дугаар байршилд хүүхдийн тоглоомын талбай ашиглалтад оруулахаар тендер явуулжээ. Улмаар уг тендерээ хууль бусаар явуулан, өөрийнхөө ойр тойрны хүмүүсийн компаниудыг тус тендерт шалгаруулсан байна. Харин тендерт шалгарсан компаниуд нь улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан ч чанарын шаардлагагүй хангахгүй талбай хүлээлгэн өгсөн аж.
Тухайн тоглоомын талбайг ашиглалтад оруулсан "Алтантэнгэр" компани нь дүүгийнх нь компани юм байна. Харин "Аргаадан" компани нь хүргэнийх нь, "ХБО" нь зөвлөхийнх нь аж.
Тиймээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус тендер явуулсан. Тендерт өөрийн ойр дотны хүмүүсийн компанийг шалгаруулсан. Улмаар улсын төсвийн хөрөнгөөр чанарын шаардлага хангахгүй тоглоомын төв хүлээлгэн өгсөн хэрэгт шалгаж байгаа аж.
Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат "БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт "Алтан тэнгэр”, "Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарсан байдаг.
Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа" хэмээн тайлбарласан байдаг.
Юутай ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг хууль бус тендерийн хэргээр шалгаж эхэллээ.