Saturday, February 25, 2017

Монголчууд 766 тэрбум төгрөгөөр шинэлнэ.

Нэг өрх дунджаар 1.3 сая төгрөг зарцуулдаг
Цагаан сарын идээ болон гарын бэлгийн нийт үнийг Үндэсний статистикийн хорооноос тооцож гаргажээ. Тухайлбал, нэг өрх цагаан сарын ууцанд 230 мянган төгрөг (чанах үнэ орсон) зарцуулдаг байна. Мөн айлууд дунджаар 650 ширхэг бууз (нэг ширхэг бууз 180 төгрөг) хийдэг гэж үзвэл 117 мянган төгрөг зарцуулдаг аж.


Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 307.9 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна.

Тэдний тооцож буйгаар цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 636.2 мянган төгрөгийн зардал гардаг байна. Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8-15 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж тооцжээ. Ингээд нэг айл дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзвэл нэг өрх бэлэгт нийт 690 мянган төгрөг зарцуулахаар байна.

Дээрх хоёр төрлийн зардлыг нэмбэл нэг өрх Цагаан сарын баярт дунджаар 1 сая 326.2 мянган төгрөгийн зардал гаргахаар байна.

Цагаан сарын зарлага өрхийн орлогоос 47.7 хувиар илүү

Нэг өрх цагаан сарын баярт зарцуулах дундаж зардал 1 сая 326.2 мянган төгрөг байгаа нь нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлагаас 428.2 мянган төгрөг буюу 47.7 хувиар илүү байгаа аж.

2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын хэмжээнд буй 860 гаруй мянган өрхийн 67 хувь буюу 577.8 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэсэн байна. Эдгээр өрхүүд идээ болон бэлэгт зориулж улсын хэмжээнд 766 тэрбум төгрөгийн зардал гаргахаар байна. Харин бэлгийн 80.0 орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 307.9 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна.

Иймд цаашид Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бэлэглэснээр бидэнд дотоодын үйлдвэрлэл хөгжих, ажилгүйдэл буурах, төгрөгийн худалдан авах чадвар өсөх зэрэг хөгжлийн боломжууд бүрдэх ажээ.