Saturday, February 25, 2017

Н.Алтанхуяг: Надад идсэн уусан зүйл байхгүй болохоор ”но” илрэхгүй

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өгч байна. Түүнийг өнгөрсөн мягмар гаригт байцаалт өг хэмээн АТГ-аас зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч тэрбээр Хөвсгөл аймагт явж, байсан учир очиж чадахгүйгээ хэлж, өнөөдөр 10.00 цагт байцаалт өгөхөөр ирсэн юм.

Энэ үеэрээ түүнээс ямар учраас АТГ дахин дахин дуудаж, байцаалт аваад байгааг тодруулсан юм. Тэрбээр "Намайг АТГ-аас 3, 4 удаа байцаалт өгч гэж дуудаж байгаа нь энэ. Би өнөөдөр гурван зүйл хэлье. Нэгдүгээрт: Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлчихгүй байх гээд үзээд байх шиг байна. Намайг Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь ил гарчих гээд байдаг айдастай хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд нар л иймэрхүү ажил хийгээд удаж байна. Энэ бол намайг Ерөнхий сайд байхаас хийж эхэлсэн ажил. Ямар ч үнээр хамаагүй намайг л зогсоох гээд байгаа юм. Ерөнхийлөгч болгохгүй гэсэн зорилготой хүмүүсийн ажил яваад байна.

Надаас угаасаа "но" илрэхгүй учраас хамаатан, садан хүмүүсийг маань шоронд хийж байна. Тэгээд тэднээс Н.Алтанхуяг юу хийсэн тэрийг хэл гэдэг тийм л утгагүй муухай юм байдаг.
Хоёрдугаарт: Би монгол түмнийхээ төлөө, монголынхоо хөгжлийн төлөө, монголчуудаа сайхан амьдруулахын төлөө төр засагт ажиллаж байхдаа чөмгөө дундартал зүтгэсэн дээ. Би ганцаараа ч биш бид бүгдээрээ хамтраад зүтгэсэн. Төрд ажиллаж байхад надад улсын мөнгө төгрөг идэж уух нь битгий хэл, тийм бодол ч төрж байгаагүй. Мөнгө төгрөг идэж уусан зүйл байхгүй байхад яагаад намайг ноолоод байна гэхээр Н.Алтанхуягийг л мөнгө төгрөгтэй холбочих юмсан гэсэн хүмүүс төлөвлөгөөтэйгээр 6, 7 жил ноцолдож байна. Надаас угаасаа "но" илрэхгүй учраас хамаатан, садан хүмүүсийг маань шоронд хийж байна. Тэгээд тэднээс Н.Алтанхуяг юу хийсэн тэрийг хэл гэдэг тийм л утгагүй муухай юм байдаг. Дахин хэлэхэд надад үнэхээр идэж уусан зүйл байхгүй. Хэрэв надад "но" байсан бол өнөөдөр би энд зогсож байхгүй. Бүтэн 6, 7 жил өнгөрчихөөд байхад аль хэдийн шийдчихнэ шүү дээ".

АТГ-т Монгол Улсыг болохоо байлгачихаад байгаа бүлэглэлийн хулгай луйвар их байна гэдгийг олон удаа хэлж, бодитой баримтуудыг өгсөн ч шалгадаггүй

Гуравдугаарт: Саяхан "Эрдэнэт"-ийг луйвардаад авчихсан. Бид уг нь 1990 оны ардчилсан хувьсгалыг хийлцэж явахдаа цөөхөн хэдхэн хүн баяжаад олон нийт нь ядуурдаг нийгмийн төлөө яваагүй. Би их сургуульд багшийн ажил хийж байхдаа монголчуудын сайхан амьдрах тэр нийгмийн төлөө, эрх чөлөөт нийгмийн төлөө явж байна гэж ойлгож байсан. Гэтэл өнөөдөр Эрдэнэтийг луйвараар авчихсан, Оюутолгой, Тавантолгойд зөндөө л асуудал гарсан. Би уг нь АТГ-т Монгол Улсыг болохоо байлгачихаад байгаа бүлэглэлийн хулгай луйвар их байна гэдгийг олон удаа хэлж, бодитой баримтуудыг өгсөн ч шалгахгүй байгаа" гэлээ.