Бас нэг алдаа нь Монголчууд маань очих гэж байгаа айл юмуу, тосч авч байгаа хүн(Солонгос талын хүн)тэйгээ ирэхийнхээ өмнө маш сайн ярьж, үг яриагаа нийлүүлэх хэрэгтэй юм байна. Хоёр талд хоёр өөр юм яриад ирэхээр худлаа ярьсан гээд, яаж ч тайлбар хийгээд шууд татгалзсан хариу өгч байна. Ялангуяа сүүлийн үед Бусанаар дамжиж ирж байгаа Монголчуудын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой ийм чанга байгаа бололтой. За тэгээд аялалаар ирэх гэж байгаа хүмүүс доорх зүйлийг анхаараарай!
1) Аялалын нарийн төлөвлөгөө гаргах. Өдөр хоногоор нь очих гэж байгаа газраа бас үзэх юмныхаа нэрсийг хүртэл нарийн бичиж, төлөвлөгөө боловсруулж ирвэл зүгээр юм байна. Тойм юм биш, нарийн тодорхой! (Маш чухал шүү!)
2) Аялалаар ирж байгаа хүмүүсийн түрийвчин дэх мөнгийг нэг бүрчлэн тоолж үзэж байна лээ. Болж өгвөл ахиухан бэлэн мөнгөтэй байх! Солонгос талын хүн рүүгээ шилжүүлсэн, дансанд нь байгаа гэх зэрэг тайлбаруудыг авч хэлэлцэхгүй байсан.
3) Солонгос талын хүн, айлчилж ирж байгаа хүнийхээ мэдээллийг өөрөө сайн мэдэж байх! Хаяг, утас болон өөртэй чинь ямар холбоотой? Хамгийн гол нь цаад хүнтэйгээ яриагаа нийлүүлэх хэрэгтэй. Ам зөрөөл бол найдваргүй юм байна лээ шүү. Хэрвээ очих айл ч юмуу байхгүй бол буудал захиалсан эсэх? Буудлаа ганц өдрөөр захиалах ч юмуу цаашдаа яах нь тодорхойгүй бол бас хэцүү.
4) Онгоцны тасалбар авахдаа буцах билетээ давхар бичүүлж авах! Ирж очих тасалбараа хоёуланг нь хэвлэж, биедээ авч явах! Буцах хугацаа нь урт байх тусмаа сэжиглээд байсан. Бичүүлсэн өдөр нь 3сар хирнээ амаараа 2долоо хоног, 1сар болоод буцна гэхээр итгэхгүй.
За тэгээд эцэст нь хэлэхэд өчнөөн ажил болгож, хөөцөлдөж хөөцөлдөж нэг юм ирдэг, зорьсон хэргээ биелүүлж чадахгүй хил дээрээс буцна гэдэг манайхны хувьд ямар хэцүү хэрэг билээ. Хичнээн тайлбарлаж хэлээд, учирлаж гуйгаад ч нэг шийдвэр гаргасан бол тэрийг ойлгодоггүй л юм байна лээ. Адилхан Монгол хүн болохоороо нэг ч гэсэн хүнд хэрэг болж магадгүй гээд бичлээ.