Хятадын мэргэжилтнүүд зохион бүтээсэн Сяо Нань гэдэг робот Гуанжоу хотын Southern Metropolis Daily сонинд 300 ханзнаас бүтсэн анхны өгүүллээ нийтлүүлжээ.
China News мэдээлж буйгаар робот энэ ажлаа ганцхан секундэд хийсэн гэнэ. Нийтлэлийн агуулга нь хятадын цагаан сарын өмнө ийш тийш зорчих хөл хөдлөгөөний тухай байсан байна.
“Орон тооны ажилтнуудтай харьцуулбал робот мэдээллийг хурдан, илүү сайн боловсруулж, бичихдээ ч түргэн юм. Гэхдээ энэ нь роботууд сэтгүүлчдийг бүрэн орлоно гэсэн үг биш” гэж энэ төсөлд оролцсон Бээжингийн их сургуулийн профессор ВанСяозюнь өгүүлжээ. Робот хүмүүсээс ярилцлага авч, нэмэлт асуулт тавьж чадахгүй, гэхдээ л робот-сэтгүүлчийн ажилд их ирээдүй байгаа гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Одоо ирээдүйн “сэтгүүлчид”-ийн боломж чадварыг бүрэн судлах тусгай лаборатори байгуулах ажил эхлээд байгаа аж.
Сонирхуулахад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд Хятадад болсон Мэдээллийн өндөр технологийн үзэсгэлэн дээр робот хүний эсрэг боссон анхны тохиолдол бүртгэгджээ. Үзэсгэлэнг сонирхож буй хүмүүсийг сургаж хөгжөөх зориулалттай робот гэнэтхэн танхимын төхөөрөмжилсөн ханыг эвдэн сүйтгэж эхэлсэн байна. Үзэсгэлэнгийн ажилтнууд роботыг номхотгох зуур нэг эрэгтэйг хананд шахан хөлийг нь бэртээсний улмаас түргэн тусламж дуудахад хүрсэн байна.