Saturday, February 25, 2017

Ганц бие бүсгүйчүүлд: Эрчүүдтэй харьцах харилцаагаа хэрхэн сайжруулах вэ?

Жилээс дээш хугацаанд “Гон бие гозон толгой” яваа бүсгүйчүүлд доорх 4 үе шат нийтлэг тохиодог гэнэ.
1. “Ганц бие байх чинь гоё шдээ, эрх чөлөөтэй. Муусайн эрчүүдээр яах юм? Эсвэл тэгж байгаад болно биз дээ. Хувь тавилан гэж байна даа.” гэж бодох мөн бусдад ч тэгж ярих үе;
2. Эхний бодол нь хэвээр байгаа мэт хэлэх ч дотроо “Илүү их гарч орж, хүн амьтантай танилцах хэрэгтэй юм болов уу?” гэсэн бодолтой байх үе;
3. “Надад хоёрын хооронд, түр зуурын учрал хэрэггүй. Тогтвортой харилцааг л хүсэж байна” гэж хэлэхээс гадна жинхэнээсээ тэгж бодох үе;
4. Эцэст нь “Эсвэл надад бүх асуудал байна уу? Би болохгүй байгаа юм болов уу? Арай ч ийм удаан ганцаараа байж болохгүй дээ.” гэж бодох үе…

4 дэх үе шат дээр яваа бүсгүйчүүлд энэ нийтлэлийг зориулсан бөгөөд өөрөөсөө бурууг хайх үед эхэндээ юу нь болохгүй байгааг ойлгодоггүй, анзаардаггүй шүү дээ. Тэгвэл энэ нийтлэл чамд бага ч гэсэн чиг өгөөсэй гэж бодож байна.

1. Юуны өмнө өөрийнхөө талаарх өөрийн бодлоос эхлэх хэрэгтэй. Цаас бал гаргаж ирээд “Чи өөрийгөө хэн гэж боддог вэ? Ямар давуу тал, ямар сул талуудтай хувь хүн бэ?” (мэдээж эрчүүдийн хувьд чи хэн бэ гэсэн өнцгөөс харна) гэсэн асуултанд хариулж өөрийгөө тодорхойлоорой.

2. Ингээд харахаар чамд ямар төрлийн эр тохирох вэ гэдгийг бодоод зан чанар, гадаад төрх, ажил төрөл гэх мэт зүйлсийг нь өөр нэг цаасан дээр өөрийнхөөрөө төсөөлөөд бичээрэй.

3. Харин одоо өөрийнхөө хүсэж байгаа эр хүнийг тодорхойл. Тийм л эр хүнтэй учирч, байнга хамт байвал би аз жаргалтай, сэтгэл хангалуун байна гэсэн хүнээ дээрх шиг зан чанар, гадаад үзэмж, ажил төрөлтэй нь жагсааж бичээрэй. Хэрвээ 2 дахь хэсэгт бичсэн зүйлтэй давхцаж байгаа бол заавал бичих шаардлагагүй.

4. Одоо чамд огт тохирохгүй эрчүүдийн ээлж. Нэг үгээр хэлбэл чиний тоохгүй төрлийн эрчүүд гэсэн үг. Тэдний зан чанар, гадаад үзэмж, ажил төрлийг нь ч бас бичээрэй.

5. Дараа нь өөр цаасан дээр өнгөрсөнд эрчүүдтэй харилцахдаа гаргаж байсан алдаа, харамсдаг зүйлсээ бич. Эрчүүдтэй харилцах үед юун дээр алддагаа л жагсаана гэсэн үг. Жишээ нь арай түргэн дотносчихсон, илэн далангүй байж чадаагүй, хэтэрхий илэн далангүй байсан, найзуудтай нь таарамжгүй байж, шүүмжилсэн, яаж харьцахаа мэдэхгүй биеэ бариад байсан, гоё биегүй байсан гэх мэт харилцаанаас авахуулаад гадаад төрх, амьдралын хэв маяг хүртэлх бүх зүйлсээ бичээрэй.

Одоо сүүлийн жагсаалтад анхаарлаа хандуулж, алдаануудаа ажиглан, дүгнэлт хий. Энэ дунд илэн далангүй биш, биеэ барьсан, өөрийнхөөрөө биш, юу хүсэж байгаагаа хэлдэггүй, чөлөөтэй байж чаддаггүй, үнэнээ хэлдэггүй, нээлттэй биш гэсэн утгатай хэсэг байгаа гэдэгт би итгэлтэй байна. Жишээ нь иймэрхүү зүйлс болж байсан:

Чамд танилцаад удаагүй байсан залуу чинь маш их таалагдаж. Чи түүний уруул дээр шуудхан үнэсчихмээр байсан ч “Эмэгтэй хүн ингэж болохгүй ээ. Намайг юу ч гээд бодчих юм билээ” гэж бодоод чадаагүй. – Энэ бол хайрцаглагдсан, хүмүүсийн санаанаасаа зохиосон, огт хэрэггүй хэм хэмжээнд өөрийгөө тааруулж байгаа хэрэг юм. Боломж байсаар байтал тийм сайхан залууд жаахан ч гэсэн ойртож чадаагүйдээ, зориггүй байсандаа, эргээд дурсахад инээд хүрэм бас гайхам сайхан дурсамж бүтээж чадаагүйдээ эцэст нь чи л харамсах болно. Өөр хэн ч биш.

Яг энэ хэсэгт л чи анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юм. Үүнийг л засахгүй бол эрчүүдтэй харилцах харилцаа чинь хэзээ ч дээрдэхгүй. Учир нь эрчүүдтэй баг зүүж, ялгаж харьцан, ингэж болно, тэгж болохгүй гэсэн хайрцаглагдсан бодолтой байж, өөрийгөө хязгаарлах тусам харилцаа урагшгүй, тогтворгүй болж, чиний эргэн тойрон дахь залуус ч цөөрч эхэлнэ.

Эрчүүдтэй өөрийнхөөрөө харьцана гэдэг нь тэр эрийн хэн байхтай, түүний юу гэж бодохтой огт хамааралгүйгээр өөрийгөө аз жаргалтай болгох, инээлгэх зүйлийг хийсээр байж, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байхыг хэлнэ гэчихвэл нэг их зөрөхгүй болов уу. Өөрийгөө түүнээс дор эсвэл дээр гэж бодох хэрэггүй. Чи нэг хувь хүн, тэр ч бас.

Тэгэхээр чамайг гэсэн эрчүүдийг хооронд нь огт ялгаварлалгүй, нээлттэй өөрийнхөөрөө харьцаж чадвал чи хүссэн эртэйгээ хүссэн харилцаагаа үүсгэж чаддаг болно. Тэгж байж л чи элсэнд нуугдсан эрдэнэсийг олж харж чаддаг болно. Тэгж байж жинхэнээсээ чамайг хайрлах эрийг олно. Гэхдээ нэг л зүйлийг байнга санаарай. Нээлттэй байгаа нь энэ гээд түүнийг ч, өөрийгөө ч гомдоох үйлдэл гаргаж болохгүй шүү.

Одоо ингээд харахад эрчүүдийг дүрсэлж бичсэн цаас чинь огт хэрэггүй байгаа биз? Тэр дүрслэлүүд ч бас хайрцаглагдсан үзэл шүү дээ. Ингээд эрчүүдийг өөрт чинь чин сэтгэлээсээ хандаасай гэж хүсэж байвал эхний алхмыг чи хийж бусдын өмнө өмсчихөөд байдаг багаа тайлж, зүгээр л инээ, аз жаргалтай бай.