Friday, February 3, 2017

Төрүүлсэн хүүхдийн буянгаар ажилласан жил нэмэгдэх нь

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах гэсэн багц асуудлын хүрээнд ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг хичнээн их хүч хөдөлмөр зарцуулдагийг бүгд мэднэ. Тэгвэл улсаас энэ талыг нь харгалзан үзээд, ээж тэтгэвэрт гарах үед төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор тус бүрд нь 1,5 жил нэмж олгохоор болж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн хүн ажилласан жил дээрээ гурван жил нэмж тооцуулдаг болох нь.

Хүүхэд бүрд 1,5 жил нэмнэ гэдэг үнэхээр сайшаалтай хэрэг. Тэтгэвэрт гарч буй зарим нэгнийг ажиглаж байхад 1,5 жил байтугай хэдхэн сар дутаад бүтэн тэтгэврээ тогтоолгож чадалгүй хувь тэнцүүлсэн тэтгэвэрт орчихдог юм билээ. Тэгвэл цаашид олон хүүхэд төрүүлж өсгөсөн буянаа харин ч нэг эдлэх шиг болж, ажилласан жил нь хангалттай хүрч, тэтгэврээ сайн тогтоолгох боломж нээгдэж байгаа бололтой.

Нийгмийн даатгалтай холбоотой энэхүү эерэг өөрчлөлт нь ээжүүдийн олон хүүхэд төрүүлж өсгөх сонирхлыг дэмжин, тэр хэрээрээ улсын хүн амын тоо өсөхөд сайнаар нөлөөлөх юм. Ер нь хүн амаа өсгөх тал дээр улсаас зориуд чиглэсэн бодлогыг баримтлахгүй бол цөөхөн хүн амтай, жижиг үндэстний зовлон юм бүр дээр бараг мэдрэгддэг гэхэд хилсдэхгүй. Наад зах нь л, визгүй баахан хятадууд ороод ирвэл цөөхөн бид яах билээ гэсэн битүү түгшүүр төрөх жишээний.


Төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жил дээр 1,5 жил нэмж өгөхөөр болсон тухай сайхан мэдээ өнөөдрийн хувьд жинхэнэ сюрприз болж чадлаа. Өчигдөр НӨАТ-ын буцаан олголт дансанд орж нэг баярлуулсан, өнөөдөр энэхүү 1,5 жилийн нэмэгдэл бас дутахгүй баярлуулав. Ойрд ер нь балжинням, дашнямтай өдрүүд таараад байгаа юм биш биз...