2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус цагдаагийн хэлтэст “Бөмбөгөр худалдааны төвд бага насны хүүхэд төөрсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай эмэгтэй Ч, эрэгтэй С нар нь нэг ой долоон сартай У охиныг “Бөмбөгөр” худалдааны төв дотор төөрүүлж орхиод, зугтсаныг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлжээ.
Камерын бичлэгээс харахад улаан цоохор цамцтай нэгэн бүсгүй ногоон курткатай хүүхдээ хөтөлж яваад, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун хаалгаар орж, хүүхдийг чихрийн лангууны дэргэд орхиод зүүн хаалгаар гарч, “Бөмбөгөр”-ийн хойгуур тойроод, хамтран амьдрагч С-тэйгээ зугтаж байгаа бичлэг тэр хавийн камерт бичигдэн үлдсэн байна. Түүнийг хүүхдээ төөрүүлчээд гараад ирэхэд нь хамт амьдрахыг хүссэн залуу нь юүдэн малгай өмссөн байдалтай хүлээж зогсож байгаа нь зургаас харагджээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461-р ангид цагдан хорьжээ.
-ЭЭЖ НЬ ХҮҮХДИЙГ НЬ АВАХГҮЙ ГЭСЭН УЧИР ТӨӨРҮҮЛЭХЭЭР
ШИЙДСЭН ГЭЖЭЭ-
ШИЙДСЭН ГЭЖЭЭ-
Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэг ой долоохон настай У охин тухайн үед ээждээ хаягдсанаа мэдэхгүй тэр хавийн чихэр жимс харж нэлээд сатаарч зогсчээ. Улмаар хэсэг хугацаа өнгөрч, ээжийгээ үгүйлэн хайж уйлж эхэлсэн байна. Тиймээс ойр хавийн худалдаачид болон худалдан авагчид яаран сандран цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Тэнд худалдаа эрхлэгч иргэн хэлэхдээ “Хөөрхөн охин уйлаад төөрчихсөн байхаар нь олон хүн дунд ээж, ааваасаа төөрөөд үлдэж дээ. Аав, ээж нь хайж байгаа даа гэж бодсон. Гэтэл төрүүлсэн үрээ өөрөө албаар төөрүүлээд явсан байсан гэж бодохоор эх хүний хувьд хэлэх үг олдохгүй байна. Энэ нийгэм юу л болоод байна даа” гэсэн юм.
У охиныг төрүүлсэн ээж болох 24 настай Ч гэгч С гэгчтэй хамт амьдрахын тулд ийн үрээ төөрүүлж хаясан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Би С-тэй хамт амьдрах гээд хүүхдээ ээждээ өгөх гэтэл ээж “Би авахгүй. Өөрсдөө учраа ол” гэсэн. Тийм болохоор С бид хоёр ярилцаж байгаад төөрүүлэхээр шийдсэн. Одоо маш их гэмшиж байна” хэмээсэн байна. Эрүүгийн хуулийн 117.1-т “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”, 117.2-т “Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
-ЭНЭ НЬ ОН ГАРСААР ХҮҮХДЭЭ ОРХИСОН ЗУРГАА ДАХЬ ТОХИОЛДОЛ АЖ-
Он гарсаар хүүхдээ төөрүүлж, гудамжинд орцны үүдэнд, зочид буудалд орхиж явсан тохиолдол тав бүртгэгджээ. Дээрх тохиолдол бол зургаа дахь нь аж. Энэ тохиолдлуудад тухайн этгээдүүд цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Би хүсээгүй, би тэжээж чадахгүй, бас ар гэрийнхнээсээ айсан, аав ээж нь хүлээн зөвшөөрөөгүй учраас ийм шийдвэр гаргасан” гэж тайлбарладаг байна. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд хоёр хүүхдээ зочид буудлын орон дээр орхиод зугтсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Ээжийг нь цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилсаны эцэст олоход тэрбээр “Би хоёр хүүхдээ авч байнга зочид буудлаар хоноглож явдаг. Тэр өдөр мөнгө олж ирэх зорилготой буудлын барьцаанд хүүхдүүдээ үлдээгээд явсныг буруугаар ойлгосон байна. Би яалаа гэж үр хүүхдээ орхих билээ” гэж мэдүүлжээ.
Мөн өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ой долоон сартай охиноо орцонд хаяад явсан хэрэг гарч, нийгмийг цочроосон. Харамсалтай нь ээждээ гологдож, орцонд орхигдсон бяцхан охин харамсалтайгаар амиа алдсан билээ. Талийгаач охин хөхөө өвлийн хүйтэнд орцонд хаягдсанаасаа болж хоёр уушги нь битүү хатгалгаатай эмнэлэгт хүрггэдсэн ч эмчилгээгээ даалгүй амиа алдсан юм. Үрээ хаясан 24 настай Д гэх бүсгүй мөн л “Би ганцаараа байдаг. Энэ хүүхдийг өсгөх амьдралын ямар ч боломж байхгүй” хэмээх тайлбар өгсөн байдаг.
Б.ЦЭЛМЭГ