Sunday, May 7, 2017

МУУ ЁРЫН ЗҮҮД НЬ БИЕЛЖ ЗОЛБИН НОХДОД БАРИУЛЖ ҮХЭВ


Муу ёрын зүүд биелдэг тал бий. Гэхдээ зүүд болгон бас биелээд байдаггүй. Шүд унахыг зүүдний тайлалд муу ёрын зүүд гэж тайлсан байдаг. Олон жилийн өмнө манай нутагт шүд нь дандаа ёзоороороо унаж байна гэж зүүдэлдэг, энэ зүүднээсээ хар даран цочин сэрдэг Гомбо гэдэг хүн байсан юм. Гомбо намын гишүүн хүн байсан болохоор шашин шүтлэгийг юу гэж тоох билээ. Харин эхнэр нь нэлээд сүсэг бишрэлтэй хүн байсан бөгөөд нөхрийнхөө энэ муу ёрын зүүдний учрыг олохоор нэгэн удаа хот орохдоо Гандангийн нэг ламд бараалхаж нөхрийнхөө зүүдний учрыг асуухад “Нөхөрт чинь муу юм тохиолдож амиа алдаж мэдэхээр байна. Шүд унаж байна гэж зүүдлэх ч их муу шүү. Хотод дагуулан ирж арга засал хийлгэн, ном гүрэм уншуулах хэрэгтэй” гэж зөвлөсөн байна. Гэтэл улаан коммунист Гомбо энэ зөвлөгөөг огт анхаарсангүй, өнөөх л шүд унаж байна гэх зүүдээ зүүдэлсээр яваад сарын дараа автомашины ослоор нас баржээ. 

Хэрвээ арга засал хийлгэж, ном гүрэм уншуулсан бол тэр муу ёрын зүүднээсээ салж, амьд байх байсан байх даа гэж эхнэр нь харуусан ярьсан байдаг. Бас манай нутагт нохойноос үхтлээ айдаг Дэлэг гэдэг залуу байсан юм. Гудмаар мөрөөрөө гүйж яваа нохойноос хүртэл айна. Юм л бол чулуу мод шүүрч аваад шиднэ. Тэгэх тусам ноход түүнд өсөрхөнө. Ер нь нохой өөрөөс нь айж байгаа хүнийг анддаггүй, тэр хүн рүү дайрч үнхэлцгийг нь хагалах шахдаг юм. Тийм учраас Дэлэг рүү ноход их дайрамтгай байсан. Ийм явдлыг ард түмэн “Нохой муу хүнийг анддаггүй. Тийм учраас дайрдаг” гэж тайлбарласан байдаг. 

Дэлэг гэрийнхэндээ байсхийгээд олон нохдод бариулж үхэж байна гэж муу ёрын зүүд зүүдлэх болсон тухайгаа ярьдаг байжээ. Энэ зүүднийхээ учрыг асуухаар нэг ламанцарт бараалхтал цаадах нь хачин муухай юм зааж өгсөн байна. 
- Муу ёрын зүүдийг муу юм үйлдэж дардаг хар дом байдаг юм. Энэ хар домыг үйлдэхгүй бол тэр зүүд чинь биелж чи нохдод бариулан амиа алдахаар байна. Чи нохой юм уу гөлөг алж, хар дом хийж энэ муу ёрын зүүдээ дарж ав. Энэ домыг хийсний дараа чи дахин тийм муухай юм зүүдлэхээ больж, урт наслах болно ухааны юм солиорчээ. Зарим юу ч мэддэггүй дүвчин ламанцар, бөө удганцар, мэргэч төлгөч нар ийм утгагүй юм айлдаж хүнээр нүгэл хийлгүүлэх явдал өнөө цагт олон болоод байгаа билээ. Ламанцарын үгэнд итгэсэн Дэлэг үхлээ өөрөө дуудав гэгчээр очиж очиж гудамжинд гөлөглөсөн нэгэн гичий нохойны гөлгийг хулгайлан авчирч хашаандаа дүүжлэн хороож хар домоо хийжээ. Нялх үрээ харамладаг нь ямар ч амьтаны хорвоогийн жам билээ. Нэг гөлгийг нь хулгайлаад цааш алхаж явахыг гичий нохой харчихжээ. 

Нохойн ухаандаа Дэлэгийг харанхуйд ч танихаар тогтоогоод авчээ. Нохойн гөлөг алж хар дом хийсэн Дэлэг айх аюулыг авдрандаа хийсэн хүн шиг маадгар алхах болов. Хөөрхий мань эр гичий нохой түүнийг занан отож байгааг огт мэдсэнгүй. Тэр гичий нохой тэр хавьдаа л “нөлөө бүхий гичий” байсан бөгөөд түүний дайрсан хүн рүү бусад золбин ноход бүгд уулгалан дайрч барьдаг байжээ. 

Дэлэг ч гөлөг алж хар дом хийснээс хойш өнөөх муу ёрын зүүдийг зүүдлэхээ больсон тухайгаа гэрийнхэндээ ярьж байсан нь түр зуурын хууралт байв. Хууралт гэснээс хүнд өвчтэй хүн үхэхээсээ хэд хоногийн өмнө жигтэйхэн сайхан тэнхэрч, өөрөө ч ар гэрийнхэн нь ч “Эдгэх нь” гэж горьддог, төдөлгүй сульдан доройтсоор нөгөө ертөнцөд оддог хууралт гэж байдаг. Энэ нь тэр хүнийг харсан тэнгэр нь өвчин зовлонд олон хоног, сар шаналан зовсон хүнийг хэд хоног ч болов тэнхрүүлэн хуурч, үхэхээс нь өмнө сэтгэлийг нь түр ч болов амирлуулж өгдөг явдал гэнэ. Иймэрхүү хууралт Дэлэгт тохиолдож өнөөх муу ёрын зүүдээ хэд хоног зүүдлэлгүй мань эр бүр тайвширчихаад нохойноос ч айхаа больсон байна. 
Ялангуяа харанхуй шөнө нохойноос айгаад гудмаар явж чаддаггүй байсан хүн чинь тоохгүй явдаг болов. Нэгэн удаа Дэлэг айлд мөрийтэй тоглож оройтоод шөнө дунд болсон хойно гэр рүүгээ харьж явахдаа өнөөх гичий нохой араас нь хэдэн нохой дагуулчихсан чоно шиг сэм дагаж явааг огт мэдсэнгүй. Дэлэгийг зүүн захын гэр хорооллоос холдож баруун захын гэр хороолол хүрдэг хүнгүй хөндийгөөр алхаж явтал өнөөх ноход бөөнөөрөө боорлон дайрч түүний амийг хөнөөсөн байна. Маргааш нь түүний үзэшгүй муухай сэглэгдсэн цогцсыг хүмүүс тэр хөндийгөөс олжээ. Ийнхүү хөөрхий эрийн муу ёрын зүүд биелж, нохдод бариулж үхсэн гэдэг.