Wednesday, May 10, 2017

А.САЙХАНЦЭЦЭГ: ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫГ “ЦАГААН ХУУДАСТАЙ ТӨГСГӨНӨ” ГЭЖ СҮРДҮҮЛСЭН БАЙНА ЛЭЭ

Нийслэлийн 116 дугаар сургуулийн сурагчид өнөөдрөөс хичээл хаялт зарлалаа. Тодруулбал, тус сургуулийн 7-12 дугаар ангийн долоон сурагч чанартай
боловсрол эзэмшиж чадахгүй байгаагаа болон 116-р сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Д.Сарантөгсийг шалтгаангүйгээр ажлаас нь халсан үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм . Сурагчид эцэг эхчүүдээ дуудан, хамтдаа эрхээ хамгаалуулахыг хүссэн бөгөөд зарим эцэг эхчүүд нь ирж, хүүхдийнхээ үзэл бодлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Харин сургуулийн зарим багш нар хүүхдүүдээ хичээлдээ орохыг хүссэн ч хүүхдүүд “Бидний шаардлага хүсэлтийг удаа дараа хүлээж аваагүй учраас ийм сонголт хийгээд энд зогсож байна. Бид энгийн хүүхдүүд шиг боловсрол эзэмшмээр байна. Манай сургуулийн зарим нэр бүхий багш нар хичээл заах чадваргүй байна. "Биднийг хараагүй хүн сэтгэхгүй" хэмээн үг хэлээр доромжилдог. Залуу багш нар баррел бичиг өөрсдөө мэдэхгүй байна. Тийм учраас хүсэлт шаардлагыг хүлээж авахаас нааш хичээлдээ орохгүй” гэв.
Энэ талаар тус сургуулийн захирал Э.Энхзулаас тодруулахад, “Энэхүү хичээл хаялтыг ямар нэгэн ашиг сонирхолтой хүн зохион байгуулж байх шиг байна. Тэрнээс биш энэ сургуулийн энэ олон багш ажилчид, сургуулийн нийт хүүхдийн эрхийг зөрчиж энэ олон жил яваагүй гэж би үзэж байна. Энэ бол хэтэрхий нэг талын үзэл тулгасан, багшийн ёс зүй, сургуулийн дүрэм журмыг зөрчсөн асуудал болж байна. Манай сургуулийн хамт олон болон сургуулийнхаа нэр хүндийг нийгэм даяар гутаасан, сурагчдын эрх ашгийг бодолгүй өөрийн эрх ашгийг бодсон нэг багшийн үйлдэл байна. Энэ бол сургуулийнхаа дотоод дүрэм журмыг зөрчиж ажлаас халагдсан багшийн хийж байгаа ажил гэж би бодож байна. Арай ч багш нарын маань хөдөлмөрийг ингэж үгүйсгэж болохгүй. Манай багш нар энэ хүүхдүүдийн төлөө их юм хийсэн. Хүүхдүүдийн зүгээс сургалтын чанарыг сайжруулах талаар санал гаргаж байсан. Бид тэр талаар багш болон сургалтаа сайжруулах гэж судалгаа хийж, техник технологио дээшлүүлж, баррел принтертэй болсон байна. Цаашид олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна” гэсэн юм.
Харин дараа нь бид хичээл хаялт зарласан 10а ангийн сурагч А.Сайханцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Яагаад, ямар шалтгааны улмаас өнөөдөр хичээл хаялт зарлаж байгаа юм бэ?
-Би энэ сургуульд 10 дахь жилдээ сурч байна. Манай сургууль маш их асуудалтай байгаа. Бид нэг жилийн өмнөөс энэхүү хүсэлтүүдээ сургуулийн захирал болон нийгмийн ажилтанд тавьсаар ирсэн. Хамгийн сүүлд л гэхэд бидний хамгийн сайн туслагч, зөвлөгч Д.Сарантөгс багшийг маань шалтгаангүйгээр ажлаас нь халлаа. Бид захиралд “Д.Сарантөгс багшийг ажилд нь эргүүлж аваач” гэх хүсэлт тавьсан боловч бидний хүсэлтийг үл ойшоосон.
-Та нар хүсэлтдээ яг юу юу шаардсан бэ?
-Бид “Нэгдүгээрт, сургалтын чанар муу байна. Хоёрт, багш нар ёс зүйгүй байна. Гуравт, дотуур байрны“шорон шиг байдлыг арилгаж өгөөч ээ” л гэж хүссэн. Мөн сургуулийн захирал, багш нар сурагчдынхаа үзэл бодлыг сонсооч ээ гэж хүссэн.
Үнэхээр харааны бэрхшээлгүй, хорвоог хоёр нүдээрээ хардаг хүмүүс бидний зовлонг ойлгохгүй байгаа юм бол яагаад бидэнтэй ижил зовлонтой, харааны бэрхшээлтэй хүн сургуулийг удирдаж болохгүй гэж. Бид эдгээрийг л хүссэн, шаардсан. Гэтэл тэд “Бид нар халагдъя. Та нар тэр Д.Сарантөгс багшаараа хичээлээ заалга” гэсэн хариу хэлсэн. Манай багш нар байнга биднийг үл тоож харьцдаг. Бага ангийн багш н.Байгальмаа “Хүн ер нь харааныхаа хэрээр сэтгэдэг юм байна” гэж хэлсэн. Энэ үгээрээ биднийг сэтгэх чадваргүй гэж хэлж байна гэж бид ойлгож байгаа. Мөн хөгжмийн багш н.Батболд “Тоть ярьдаг болохоороо торонд суудаг. Харин бусад шувууд ярьдаггүй болохоороо тэнгэрт нисдэг” гэж байнга бид нарыг загнадаг. Энэ үгээрээ биднийг “Дуугүй бай. Олон юм яриад байвал та нар торонд сууна шүү” гэж байгаа мэт.
-“Хараагүйчүүдийн үндэсний холбоо” та нарын шаардлагыг хүлээн авч, БСШУС-ын яаманд хүргүүлсэн гэсэн. Ямар нэгэн хариу ирсэн үү?
-Бид уг шаардлагаа сургуулийн захиргаандаа, БСШУС-ын яаманд “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-нд тавьсан. Ганцхан “Хараагүйчүүдийн үндэсний холбоо” л бидний хүсэлтийг хүлээж аваад шат шатны байгууллагад хандсан. Тус холбоонд баярлаж байгаа. Гэхдээ одоо болтол ямар нэг хариу ирээгүй, үр дүнд хүрээгүй байна.
-Танай сургуульд харааны бэрхшээлтэй хичнээн багш ажилладаг вэ?
-Маш цөөхөн багш бий. Бага ангийн багш н.Амарзаяа, номын санч, ажлаасаа халагдсан Түүх, нийгмийн багш Д.Сарантөгс багш. Гарын таван хуруунаас илүү гарахгүй л багш ажилладаг.
-Өмнө нь эсэргүүцлээ илэрхийлж байсан гэсэн. Сургуулийн захиргаанаас ямар нэгэн дарамт шахалт ирж байсан уу?
-Дарамт шахалт ирдэг байсан. Бусад сурагчдыг биднийг үйлдлийг эсэргүүцэхийг шаарддаг. Биднийг “эсэргүүний үлдэгдэл” гэх мэтээр хэлж, загнадаг. Захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан сурагчдыг нэг нэгээр нь дуудаж уулзаж, ятгадаг.
-Эцэг эхчүүд тань та бүхний энэ эсэргүүцлийг яаж хүлээж авч байгаа вэ. Та нар цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Мэдээж, эцэг эхчүүд маань бидний эсэргүүцлийг дэмжиж байгаа. Гэхдээ зарим сурагчдын эцэг эхэд сургуулийн захиргаанаас нөлөөлж, бидний эсрэг байр суурьтай болгож байгаа. Мөн 12 дугаар ангийн сурагчид бидэнтэй хамт эсэргүүцлээ илэрхийлж, хичээл хаялтад нэгдэх байсан боловч зарим багш нар “Цагаан хуудастай төгсгөнө шүү” гэж сүрдүүлсэн байна лээ.
Харин 116 дугаар сургуулийн дотуур байрны багш С.Гэрэлмаа, “Үүсээд байгаа энэ асуудал нь саяхан ажлаасаа чөлөөлөгдсөн багш н.Сарантөгсийн хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас хойш үүдэлтэй. Сурагчид маань “Хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна” гээд өнөөдрөөс хичээл хаялт зарлаад эхэллээ. Уг нь зургаан хүүхэд л байгаа юм. Зохион байгуулж байгаа сурагч нь 21 настай. Хүүхдүүд хичээл хаялт зарласнаас сургууль хэвийн ажиллах боломжгүй болоод байгаа. Уг нь багш нар маань чадлынхаа хэрээр хүүхдүүддээ боловсрол олгочих юмсан гээд зүтгэдэг. Байгаа боломж нөхцөлдөө тааруулаад л ажилладаг” гэсэн юм.
Мөн тус сургуульд хүүхдээ сургадаг Ө.Төмөр хэлэхдээ, “Манай хүүхэд зургадугаар ангид сурдаг. Бэлтгэл ангиас нь эхлээд 116 дугаар сургуульд сургаж байна. Хараагүй хүүхдийн хувьд хангалттай сурч, боловсорч яваа. Сургалтын чанарыг нь муу гэж дүгнэхгүй
Одоо энэ сургууль дээр хичээл хийх боломжгүй болоод байна. Хүүхдүүд нь эсэргүүцэж, тэмцэл маягийн юм зохион байгуулж байна. Шалгадаг байгууллага нь шалгаад хэвийн үйл ажиллагааг хангаж өгөөч ээ гэж хүсэж байна. Цөөхөн хэдхэн хүний эрх ашгаас болж, ард нь олон хүүхэд хохирч байна.
Хэвлэлийн та нар зөв талаас нь тунгааж мэдээлэхгүй бол маш олон хүүхэд хохирч байна. Хаврын шалгалт нь хаяанд тулчихсан байна. Эцсийн эцэст энэ хэдэн хүүхэд л хичээл номоо ч үзэж чадахгүй, хохирч байна шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлж байгааг нь буруутгах аргагүй. Алдаа дутагдлыг нь засаад нэн даруй ажиллуулаач ээ л гэж хүсэх байна.
Цаашдаа анхаарах зүйл нь 116 дугаар сургуулийг тусгай сургуулиар нь болговол нийгмийн хангамж хүртээмжид хамрагдах юм болов уу гэж боддог. Нийслэлийн удирдлага онцгой анхаарч, өрнөөд байгаа үйл явдлыг хурдан хугацаанд зогсоогооч ээ гэж хүсэх байна.
Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас судалж, багш сурган хүмүүжүүлэгчдийг сургаж, гарын авлагыг олон улсын төвшинд хүргэх шаардлага байгаа. Тэгэхгүй бол хүүхэд үзэж, судлах боломжгүй ном шахаж байна шүү дээ” гэв.
Т.Гэрэл