Monday, May 8, 2017

ДАМДИН ТАЙЖИЙН СҮНС ГАЛЗУУ БУУР БОЛЖ, ХҮНИЙ ТОЛГОЙГ ЗАЛГИЖЭЭ

Ийм нэгэн хэрэг явдал Увс аймагт болсон гэдэг. Он цагийн хувьд 1918 онд Октябрийн хувьсгалаар түрэгдэж, Колчакийн армиас бутарч зугтаасан цагаантнууд Урианхайн хязгаар буюу одоогийн Тагнын уулсаар хэрэн тэнүүчилж, тэр хязгаар нутгийн буддын шашны төв болох Самгалтайн хүрээг үнстэй нь самарч орхисон байдаг. Оргодол дээрэмчин болсон цагаантнуудтай тэр нутгийн зарим нөлөө бүхий хүмүүс холбоо тогтоож, орон нутаг дахь эрх мэдэл нөлөөллөө бэхжүүлэхийг зорьж байжээ. Дөрвөд далай ханы зүүн гар арван баядын хошууны нэг хошуу болох Паньдай бээлийн хошууны хошуу туслах тайж Дамдин гэгч оргодол цагаантнуудтай нийлж, хошууны бүх эрх мэдлийг гартаа оруулахыг зорьж эхэлсэн байна. 
Хошууны засаг ноён Паньдай бээл ч өөрийнхөө эрх мэдлийг алдахгүйг хичээж Дамдин тайжийн эсрэг хамаг хүчээрээ тэмцэж байв. Дамдин тайж арван нэгэн цагаантан дагуулж ирэн хошууны Засаг ноёны тамгыг гартаа оруулах гэж ноёндоо дарамт учруулсан байдаг. Паньдай бээл ноён урвагч тайжийг баривчлах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлснээр хошуу тамгын тахар, нутгийн иргэдийн хүчээр хил зөрчин орж ирсэн цагаантнуудыг устгаж, Дамдин тайжийг баривчилжээ. 

Тайжийг одоогийн Увс аймгийн Тэс сумын нутаг болох Булагийн Өндөр хэмээх газар ландармыг дарах төвд цээрлэлээр устгасан байна. Долоон алд гүнзгий нүх ухаж, толгойг нь доошоо харуулан нөгөө нүхэндээ хийгээд булжээ. 

Мандухай цэцэн хатны тухай кинон дээр Исмэл тайжийг цээрлүүлдэг шиг юм болжээ. Дамдин тайж гэдэг нь увидас шид үзүүлдэг, бас чиг муугүй зайран нэгэн байсан байгаа юм. Тайжийг дарсан өдөр тэнгэр муухайрч, долоо хоног аянга цахилгаантай бороо орсон гэх бөгөөд тайжтан булагдахаасаа өмнө “Би Паньдай бээлийн голомтны дороос гарч ирж, тэднийг бүгдийг нь залгина” гэж ам тангараг тавьж байсан байгаа юм. Тайжийн хатан болон хүүхдүүдийг урд талынх нь залгаа хошуу болох Түшээ гүн Түдэвийн нутагт цөлжээ. Түшээ гүн Түдэв нь түүхэнд Дамбийжанцанг айлгасан ганц хошуу ноён гэдгээрээ тэмдэглэгдэн үлдсэн зоригтой сэргэлэн хүн байж. Түдэв ноён залгаа хошууны ноёны захиа даалгаврыг биелүүлээгүй гэдэг бөгөөд хөөрхий “удирдагчгүй” болж өнчирсөн хатныг хүүхдүүдийнх нь хамт бөөцийлж байжээ. Цаг бусаар бэлэвсэрч хоцорсон тайжийн хатан өглөө болгон хойшоо харж (нөхрийнхөө тамлуулж нас барсан газар руу) модны нүүрстэй ус цацаж хатуу харгис ноён ахынхаа эсрэг ид шид хэрэглэдэг болжээ. Долоон хоног байтугай долоон сар болоход нөгөө Дамдин тайжийн ноён ахынхаа голомтоор нь гарч ирэх гэсэн андгай тангараг биелээгүй байжээ. Тэгсээр байж өвлийн сар гарч, орсон буур гэдэг эзнээ ч идэхээс буцахгүй “гөрмөл” араатан бий болдог цаг иржээ. Тэсийн урд дахь хөдөөд нэгэн үлэмж биетэй хар буур шавж зогсчихоод хүн амьтан явуулахгүй байв. 

Тэр догшин буурын эзэн тодорсонгүй. Ийм айхавтар том буур хэний сүргийн ахлагч болохыг нутгийн хүн зон ч тогтоож амжаагүй байдаг юм. Өвөлжөөнд буусан ноён Паньдай ч харц ардуудынхаа амгалан байдлыг алдагдуулсан тэр хэрцгий “араатныг” харах гэж хиа, шадруудынхаа хамтаар тал нутгийг зорьжээ. Элчилгүй мэт цав цагаан өргөн талын дунд шавж зогсоо буурыг хараад ноён хажуугийнхаа хиад хэлсэн байна. “Яагаад ч юм бэ, засагтайгаа тэрсэлдсэн тайж дүүгийн нүдтэй энэ буурын нүд яасан адилхан юм бэ? Тэгээд ч сэтгэл дотор жигхийсэн сонин юм бий болчихлоо. Арай тэрслүү дүүгийн сүнс орсон буурын дүр төрхөөр гарч ирсэн юм биш байгаа” гэжээ. Ноёндоо үнэнч хиа нар нь ноёныхоо зөн совинд ихэд итгэдэг тул баруун гарын хиа нь “Ноёнтоон, би түүнийг очиж туршаад ирье” гэж их цасан дундуур мориндоо ташуур өгөн давхин оджээ. 

Буур жинхэнэ ид хаваа гайхуулан, цагаан хөөс сахруулан ноёны хиа Лэгдэн гэгчийг тосон ширээ хоёр бөхөө суналзуулан иржээ. Сунадаг дурангаар тэр бүхнийг харж байсан ноёны нүдэн дээр нөгөө догширсон араатан шадар туслахынх нь толгойг үмхэж аваад хэдэнтэй шүд эрүүгээ хөдөлгөх аядсанаа төдсөн ч юмгүй жинс отготой малгайг нь “Энэ надад хэрэггүй” гэсэн юм шиг буцаагаад тургиж орхижээ. Хошуу ноён Паньдай бээл ч аймшигт хэрэг явдлыг тодоос тод харсан тул “Дүүгийн сүнс мөн байна. Түүнийг би өршөөж болох л байсан юм” гэж дуу алджээ. Нөгөө тас хар зогдортой хавшсан хүрэн тайлаг толгойгоо түүнд үмхүүлж, мориноосоо үхэдхийн унасан хиагийн амьгүй болсон цогцсыг хэдэнтэй дэвсэлж орхиод ноён болон түүнийг дагалдаж явсан хүмүүсийн зүг улаан галзуу тэшүүлж гарчээ. Ноёнтон тамлаж алсан дүүгийнхээ сүнсийг зургаан хүнээр хооллож байж өөрийнхөө гэр өргөөнд хүрсэн байна. Түүнээс хойш жинсрэг цутгуулж нас барсан тайжийн сүнс ноёны өргөө хавиар тэмээ буйлах, хүүхэд уйлах дуутай холилдон анир өгөн өгсөөр өвөлжсөн гэдэг. Орсон буурын улирал дуусч зуны дэлгэр цаг ирэхэд ноёнтны санаа нэг амарчээ. Гэхдээ ноёнтны ямбаны өргөөнд аргал хормойлж орсон шивэгчний хормой доороос үзлийн муухай арваалж гарч ноёны зүг гүйсэн бөгөөд энэ зуур шадарлаж байсан түшмэл түүнийг дэвсэлж алсан байна. Сүүлд мэргэн ламаас асуухад тэр арваалж Дамдин тайжийн андгай тангараг сүн