Monday, May 8, 2017

ЭЭ БУРХАН МИНЬ: МОНГОЛД МАШ АЙМШИГТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ: Б.Мөнхжаргал: Найз маань хоёр нүдийг минь ухаад, гудамжинд хаяад явсан байсан

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэн Б.Мөнхжаргал бусдын халдлагад өртөж, хоёр нүд нь бүрэн хараагүй болж, 100 хувь хөдөлмөрийн чадвараа алджээ. Энэ хэргийг өш хонзонгийн сэдлээр түүний найз үйлдсэн байна. Иргэдэд архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс сэрэмжлүүлэх үүднээс бид болсон явдлын талаар хохирогч Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

-БАЙЦААГЧИЙН ХУДАЛ ҮГЭЭС БОЛЖ ДОЛООН ЖИЛ ӨС САНАЖ ЯВЖ Л ДЭЭ-
-Та ямар шалтгааны улмаас хараагүй болсон юм бэ? Тухайн өдөр яг юу болсон талаар ярихгүй юу?
-Тухайн үед Гэрэлт-Од шоронгоос гараад удаагүй, очих газаргүй гээд би гэртээ байлгахыг зөвшөөрсөн юм. Өнгөрсөн 12-р сарын 24-ний өдөр Батцэнгэл гэдэг найз маань манайд  эхнэртэйгээ ирж, Гэрэлт-Од бид дөрөв хамтдаа ганц шил юм хувааж уун, зовлон жаргалаа ярьж хөөрөхөөр болсон. Эхнийхээ нэг шил архийг ууж дууссаны дараа Гэрэлт-Од 100 айлын есдүгээр дэлгүүр дээр хүнтэй уулзахаар боллоо гээд Гэрэлт-Од, Батцэнгэл бид гурав манайхаас гарсан. Гэнэт Гэрэлт-Од над руу дайрч "Чамаас болж би шоронд орсон. Долоон жил би чамаас болж зовсон учраас чиний хоёр нүдийг сохолно” гэсэн. Би газар хэвтээд, түүний доороос босч чадаагүй. Гэрэлт-Од миний баруун нүд рүү хуруугаа хийгээд, нүдийг минь ухах нь мэдрэгдсэн. Энэ үед Батцэнгэл миний толгойн тушаа газар зогсож байсан. Намайг авраач гэхэд өөрсдөө учраа ол гээд харж зогссон юм. Түүнээс хойш өвдөлтөндөө би ухаан алдсан байсан. Нэг сэрэхнээ цагдаагийн газарт ирсэн, гэхдээ юм харж чадахгүй байсан. Хэрвээ Батцэнгэл надад тусалсан бол би Гэрэлт-Одын доороос босож, хоёр нүдтэйгээ үлдэх боломжтой байсан гэж боддог.
-Найз чинь яагаад танд тэгж уурласан юм бол?
-Өмнө нь 2007 онд Гэрэлт-Од бид хоёр нэг хулгайн хэрэгт холбогдож байсан юм. Тухайн үед би хэргийг ганцаараа хүлээсэн. Гэтэл намайг шүүхээс оноосон ялаа эдэлж байх үед Гэрэлт-Од дахин хулгайн хэрэгт холбогдсон байсан. Түүний хэргийг хүлээлгэхдээ Баянзүрх дүүргийн эрүүгийн төлөөлөгч "Танай найз Мөнхжаргал чинь чамайг хэрэг хийсэн гэж хэлсэн” гэж цохилдуулж хэлсэн юм билээ. Ингээд Гэрэлт-Од дөрвөн жилийн хорих ял аваад шоронд орсон. Шоронд байхдаа оргох гэж оролдоод, ялаа нэмүүлж, нийт долоон жил хоригдсон юм. Тэр байцаагчийн худал үгээс болж найз минь надад өс санаж явсаар долоон жил өнгөрөөсөн байж л дээ.
-Танд өс санаж байгааг та мэдсэн үү? Танай гэрт амьдарч байхдаа ямархуу харилцаатай байсан бэ?
-Бид энгийн сайхан харилцаатай байсан. Гэрэлт-Од шоронгоос гарсан гэдгийг би мэдэж байсан. Нэг өдөр фэйсбүүкт бид хоёр таараад бичилцсэн. Гэтэл найз маань очих газаргүй байгаа гэдгийг дуулаад "Орох оронтой болтлоо манайд байж болно” гэж хэлсэн. Тэгээд л манайд ирж амьдарсан. Ямар ч муу муухай харилцаа байгаагүй. Тэр хүн миний 17 жил найзалсан найз маань шүү дээ. Хоол ундаа хийж идээд инээж хөхрөөд сайхан л байсан. Гэтэл гэнэтхэн л тэр өдөр ийм зүйл болчихсон. Байцаагч Гэрэлт-Одод хэрэг хүлээлгэхдээ миний нэрийг оролцуулсны улмаас өнөөдөр би нүдээ алдаж, нөгөөх маань шоронд орох болоод байна.
-Гэрэлт-Од таны нүдийг юугаар ухаж авсан юм бэ? Тухайн үед та яагаад эсэргүүцэл үзүүлээгүй юм бэ?
-Тухайн үед бид архи уусан байсан. Тэгээд л гэр хорооллын гудамжинд явж байхдаа миний дээр гарч суугаад босох завдал өгөлгүй хоёр хуруугаа нүд рүү минь хийчихсэн. Ерөөсөө л хуруугаараа ухаад авсан. Гэрэлт-Од зүүн гараараа миний баруун нүдийг ухсан. Баруун гарыг нь би хазаж эсэргүүцсэн. Баруун нүдийг гаргахад би өвдөлтөөсөө болоод ухаан алдсан байсан. Харин зүүн нүдийг минь хэн ухсаныг тогтоогоогүй байгаа.
-Яагаад тогтоогоогүй гэж?
-Яагаад гэвэл эхний нүдийг ухаж байхыг би өөрөө биеэрээ мэдэрсэн, нүдийг минь гаргаж ирсэн хүнийг ч би сайн санаж байгаа. Гэтэл би ухаан орохдоо хоёр нүдгүй болсон байсан. Тэгээд л 12-р сарын 25-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон, юу ч хараагүй. Эмч нар хэлэхдээ таны зүүн нүдний зовхи баруунаасаа илүү их урагдалттай байсан гэж хэлсэн. Ур чадвартай эмч нар тулдаа л намайг аварсан. Одоо надад нүд ширгээх эмчилгээ хийж, нүдний аяганд хиймэл эд суулгасан байгаа. Нүд гэмтсэн байдлаас үзэхэд баруун нүдийг минь Гэрэлт-Од ухаад, намайг ухаан алдсаны дараа Батцэнгэл миний зүүн нүдийг ухсан ч байж болзошгүй гэж хардаж байгаа. Яагаад гэвэл Батцэнгэл цагдаад худал мэдүүлэг өгсөн байсан. Миний нүдийг ухаж байхад өөрийгөө архинд явсан байсан гэж худлаа хэлсэн байсан. Тэгэхээр энэ хэрэгтэй хамсаатан болсон ч байж магадгүй гэж бодож байгаа. Энэ тухай би мөрдөн байцаагчдаа хэлсэн боловч чиний хүссэнээр болдоггүй юм гэж хариулсан.





 -ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА ХҮҮХДИЙНХЭЭ ЦАРАЙГ Ч ХАРЖ ЧАДАХГҮЙ ГЭХЭЭР ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ БАЙНА-
-Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатанд яваа вэ?
-Маш удаашралтай явагдаж байгаа. Миний хоёр нүдийг ухсаны дараа Батцэнгэл манайд очоод унтаад өгсөн байсан. Харин Гэрэлт-Од намайг эмнэлэгт байхад хүн амьтнаар асуулгаад сохорсон гэдгийг мэдмэгцээ зугтсан. Цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж нэг сарын сүүлээр баривчилсан. Харин Батцэнгэлээс зүгээр л гэрчийн мэдүүлэг авсан байсан.
-Гэрэлт-Одыг ямар зүйл ангиар шалгаж байгаа вэ? Хийсэн хэргээ хүлээсэн үү?
-Миний нүдийг сохолчихоод төрсөн өдрөө тэмдэглэх гэж яваад баригдсан юм билээ. Хэрцгий байгаа биз. Эрүүл саруул байсан хүний хоёр нүдийг ухаж авчихаад юу ч болоогүй мэт төрсөн өдрөө тэмдэглээд явж байдаг. Гэхдээ баригдсаныхаа дараа согтуу байхдаа тийм хэрэг үйлдсэн гэдгээ хүлээсэн гэсэн. Гэрэлт-Одыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэдэг зүйл ангиар шалгаж байгаа. Энэ зүйл ангиар шийтгэвэл түүнд найман жилийн хорих ял онооно. Харин би үүнд их сэтгэл дундуур байгаа. Яагаад гэвэл тэр хүн надаас болж шоронд орсон гэж өс хонзонгоор нүдийг минь ухсан. Харин одоо найман жилийн дараа шоронгоос гарч ирээд, эхнэр хүүхэдтэй минь алчихвал яанаа гэж айж байна. Мөн хамт байсан Батцэнгэлийг нарийн шалгахыг хүсч байна. Хэрэв тэр энэ хэрэгт холбоотой бол бүлэглэсэн гэх үндэслэлээр арай илүү ял авах байх гэж бодож байна. Яг үнэндээ энэ явдал ганцхан надад тохиолдоогүй юм шүү. Олон мянган хүн хүний нүд сохолчихоод хэдхэн жилийн ял авдаг жишиг тогтсон юм билээ. Арван мянган төгрөг хулгайлсан эмэгтэй 10 жилийн хорих ял авсан байдаг. Гэтэл тэр 10 мянган төгрөг алдсан хүн хэдхэн цагийн дараа 10 мянган төгрөгтэй болох боломжтой, цаашлаад шоронд орсон хүн ч эрх чөлөөтэй болох боломжтой. Харин би 10 жил, 20 жил болсон ч дахиж хэзээ ч юм харахгүй. Одоо төрөх хүүхдийнхээ царайг ч харж чадахгүй гэхээр надад үнэхээр харамсалтай байна. Тиймээс энэ хуулийн зүйл заалтад эрх мэдэлтнүүд нь анхаарч өгөөч гэж хүсмээр байна.
-Танд хараа орох ямар ч боломж байхгүй гэсэн үг үү? 
-Намайг цагдаа нар олоход миний хоёр нүдийг ухаад гудамжинд хаячихсан байсан. Эмч нар азаар хөлдөж үхээгүй гэж хэлсэн. Нэгдүгээр эмнэлгийн эмч нар намайг хагалгаанд орсны дараа "Уучлаарай, миний дүү үнэнийг хэлэхэд чамд ямар ч боломж байхгүй. Чиний нүдний эргэн тойрны булчин, судас шөрмөсүүд бүгд тасарсан. Ганцхан шөрмөсөн дээр тогтож байгаа. Нэг ч бүтэн судас байхгүй. Таны нүдний дээд, доод зовхи урагдалттай учраас нүдийг тань ширгээж оронд нь шаариг суулгана” гэж хэлээд шаариг суулгасан. Одоо групп тогтоолгочихоод явж байна. Ирэх сараас сар бүр 140 мянган төгрөг улсаас өгөх юм байна лээ.
-Та цаашид хэрхэн амьдрах вэ?
-Би эрүүл саруул байхдаа барилгын компанид цахилгаан монтаж, дотор засал хийдэг гайгүй цалин хөлс авдаг байсан. Гэтэл өнөөдөр би хөдөлмөрийн чадваргүй, ганцаараа ч явж чадахгүй болсон байна. Цаашид надад амьдрах итгэл үнэхээр алга. Яаж амьдрах юм, бүү мэд. Эхнэр, гурван хүүхдээ хэрхэн тэжээхээ ч мэдэхгүй байна. Намайг ийм болсныг дагаад эхнэр маань ч ажил хийх боломжгүй боллоо. Үргэлж миний дэргэд байх шаардлагатай болсон.
-Одоо та хаана хэнтэйгээ амьдарч байна вэ?
-Эхнэр, хүүхэдтэйгээ би түрээсийн байранд амьдардаг байгаад нүдгүй болсноосоо хойш тэндээс нүүсэн. Гэрэлт-Одыг ирээд эхнэр, хүүхдийг минь алчих вий гэж айсан. Би ер нь маш их айдастай байгаа. Тиймээс ядаж хүн амьтан олонтой газар амьдаръя гэж бодоод хамаатныдаа байгаа. Гэхдээ одоо болтол айдастай хэвээр байна. Гэрэлт-Одыг найман жилийн дараа шоронгоос гарч ирээд алах вий гэж айж байна. Нүдгүй болсныхоо дараа Гэрэлт-Од намайг ийм болгосон юм чинь гэрийнхнийг минь заналхийлж магадгүй гэж айсандаа түүний хэргийг хөнгөрүүлж өгөхийг цагдаагаас гуйдаг юм билүү ч гэж бодож байсан. Харин гэрийнхэн маань намайг хорьсон юм.
MEDEE.MN Б.ЦОГ