Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхөөс ихээхэн татгалздаг болсон. Яагаад гэвэл энэ нь хохирогчийн хувьд хүндээр тусдаг, сэтгэл санааны цочролд оруулж, цаашид нийгэмд урьдных шигээ байж чадахгүйд хүрэх зэрэг сөрөг нөлөө ихтэй байдаг гэсэн. Хүний эрхийн байгууллагууд ч энэ төрлийн гэмт хэргийн талаар нууцлахыг эрмэлдэг гэсэн. Цаана нь хүний эрх хөндөгдөж байгаа учраас.
Тэгвэл саяхан л гэхэд БЗД-ийн 9-р хороо, бидний хэлж заншсанаар "Шар хад”-ны эцэст такси үйлчилгээнд явдаг гэх нэгэн залуу гэртээ хүргүүлэхээр суусан охиныг хүчиндсэн хэрэг гарчээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар хорооны цагдаад хандсан боловч тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй.
Шархадны эцэс гэх тэр газар хөл хөдөлгөөн ихтэй, хүн ам олноор суурьшсан хэсэг юм билээ. Тиймдээ ч нийтийн тээврийн унаа болон такси үйлчилгээ нэлээд хөгжсөн, олноороо байдаг, бараг л түгжрэл үүсэх хэмжээнд байдаг аж. Тэнд хороонд бүртгэлтэй гэх 100-аад такси үйлчилгээнд явдаг бол бүртгэлгүй таксинууд ч бараг тэр хэмжээний байгаа гэж такси үйлчилгээнд явдаг нэгэн ах хэлэв. Алслагдмал газар гэхэд ийм олон такси, тэр дундаа бүртгэлгүй такси олноор явж байгаа нь энэ мэт гэмт хэрэг гарах гол үндэс нь болж байна. Тэнд зогсож л байвал таксины жолооч гэж ойлгож болохгүй, энд хүний аминд хүрэх гэмт хэрэгтэн, дээрэмчин, хулгайч, хүчин хийгч этгээд ч байгаа гэдгийг дээрх гарсан хэрэг нотолж буй юм.
Уг нь тус хорооноос энэ олон замбараагүй такси үйлчилгээг цэгцлэх гэж арга хэмжээ авсан ч "Хүний эрх зөрчиж байна” гэсэн таксины жолооч нарын шахалт шаардлагаар байдал хэвэндээ орсон гэнэ.
-Хүчингийн хэрэг гарсныг та мэдсэн үү?
Мэдсэн. Би тэр өдөр хотын төвд халтуур хийгээд явж байгаад ирсэн чинь л тийм яриа гарчихсан байсан.
Энд зогсдог жолооч нар нэгнийгээ таньдаг биз дээ. Ямар жолооч тийм хэрэг хийснийг мэдсэн үү?
Мэдээгүй. Ямар ч байсан энд байнга зогсдог жолооч биш гэсэн. Явуулын янз бүрийн олон хүн энд бас халтуур хийж явдаг юм. Тийм хүмүүсийн л нэг байх гэж бодож байна. Бидэнд ямар хэлэх биш дээ. Цагдаа нар нь шалгаж байгаа байх.
Та байнгын үйлчлүүлэгчидтэй болсон уу?
Бололгүй яахав. Зарим нь бүр хотын төвөөс ажлаасаа гарахдаа над руу утасдаад "Та байна уу, би очиж явна” гээд хэлдэг болсон. Ер нь таньдаг мэддэг жолоочоороо гэртээ хүргүүлж байхгүй бол энэ мэт хэрэг мэр сэр гарах болсон.
Тэгэхээр өмнө нь бас иймэрхүү хэрэг гарч байсан гэсэн үг үү?
Миний таньдаг хүний дүү нь эндээс такси аваад харих гэтэл тэр такси нь өөр тийшээ аваад давхичихсан гэсэн. Тэгээд тэр хүүхэд машин явуут дунд нь үсэрч үлдсэн байна билээ. Харанхуй шөнө гэртээ хувцас хунар нь урагдчихсан, уйлаад орж ирсэн гэж байсан. Бас саяхан л нэг залуу дэлгүүрийн эзэн эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гээд замдаа хэдэн залуу суулгаад гэрт нь очиж дээрэм хийхийг завдсан гэсэн. Ер нь болгоомжтой л байхгүй бол юу ч болж мэднэ гэсэн юм.
Ингээд эцсийн буудал дээр автобуснаас буугаад такси барих гэж байгаа нэг охинтой хэдэн үг солив.
-Чи өдөр бүр такси барьдаг уу?
-Тийм ээ. Өдөр бүр. Гэр нэлээд зайтай болохоор. Өвөлд бол байнга таксидна.
Байнга гэртээ хүргүүлдэг жолооч байгаа юу?
Уг нь байгаа л даа. Гэхдээ заримдаа ирэхэд өөр хүн аваад явчихсан байгаа үед нь таарсан таксиндаа л суучихдаг.
-Энд хэд хоногийн өмнө хүчингийн хэрэг гарсан гэж байна шүү дээ?
-Харин тийм гэсэн. Тэгээд тэрнээс хойш таарсан таксиндаа үсэрч суухаа больсон. Аймаар юм.
Ийнхүү таны суусан таксины жолооч аврагч уу, араатан шиг аашлагч уу гэдгийг мэдэхэд бэрх болжээ. Та бүхэн дор бүрнээ анхаарал болгоомжоо нэмэхэд илүүдэхгүй биз.
Эх сурвалж: Criminal.mn