Monday, May 8, 2017

ЗАЙЛСАН СҮНСЭЭ ӨӨРӨӨ ДУУДААД ИРҮҮЛЧИХДЭГ СОНИН ХҮН

Энэ хүний сүнс нь зайлчихсан байна. Ламаар сүнсийг нь дуудуул. Сүнс, сүлд хийморь нь зайлчихсан юм чинь наад хүний чинь ажил үйлс яаж бүтдэг юм? Аягүй бол амиа алдана гэж их ярьдаг. Ингээд амьд байгаа хэрнээ сүнсгүй болчихсон өнөөх хүмүүс сүнсээ дуудуулахаар лам руу гүйлдэнэ. Энэ бол өнөө цагийн нэгэн дүр зураг мөнөөс мөн. Гэтэл зайлж одсон сүнсээ лам хуварга, бөөгөөр бус өөрөө дуудаад ирүүлчихдэг сонин хүнтэй уулзаж яриаг нь сонссон юм. 

- Би хувиараа бизнес эрхэлдэг. Өөрийгөө магтаж байгаа юм биш, би бол ер нь их цоглог талдаа хүн. Ажил үйлс маань сайхан бүтэж, ашиг орлого их олно. Сүсэг бишрэл гэж гүйгээд байхгүй. Ажил үйлс, арилжаа наймаа маань хар зөнгөөрөө бүтээд байдаг болохоор бусдын адил юм л бол ламдаад байхыг боддоггүй байлаа. Иймэрхүү маягаар нэлээд хэдэн жил цоглог явлаа. Гэтэл гурван жилийн өмнөөс наймаа маань хааяа бүтэлгүйтэж алдагдалд орно. Янз бүрийн муухай юм зүүдэлж хар даран сэрнэ. Манайхан намайг “Чи чинь яачихаа вэ? Ажил үйлс чинь урагшлахаа болилоо. Наад байж байгаа царайгаа хар. Сүнс сүлд нь зайлчихсан юм шиг нүд чинь ямар ч гал цоггүй ёлтойгоод. Ламд үзүүлбэл яасан юм? Хүн болгон л лам багштай болчихоод байна шүү дээ” гэхэд нь би тээршааж “Юуныхаа сүнс мүнс яриад байгаа юм? Наймаанд олдог өдөр байхад алддаг өдөр бас байдаг юм. Харин ч бурхан тэнгэр намайг харж үзээд овоо хэдэн жил ашигтай байлаа. Одоо жаахан гарзтай байхад юун нь буруу байгаа юм” гэж өөрийнхөөрөө мугуйдаллаа. 

Эхнэр маань намайг “Харин тэр бурхан тэнгэр чинь чамайг хаячихаад сүнс сүлд чинь доройтоод байгаа юм биш үү? Ийм хүн сүнсээ дуудуулахас нааш ер өөдөлдөггүй гэсэн. Номтой сайн лам дээр очих хэрэгтэй байна” гэж шүүмжилсэн. Авгай үнэнч, анд нөхөд хуурамч гэж үнэн шүү. Би бас л эхнэрийнхээ үгийг тоохгүй алдагдалтай наймаагаа хийсээр явтал нэг л биш ээ. Сүүлдээ бүр хийсэн наймаа болгон маань ашиггүй шахам болоод ирэв. Ингээд эхнэрийнхээ үгэнд орохоор шийдэж эхнэр ч номтой сайн ламын эрэлд гарлаа. Чингэлтэйд нас ер гарсан маш сайн номтой лам өвгөн байна гэж сонсоод эхнэр бид хоёр утсаар ярьж байгаад тэр айлд очлоо. Бие нь жаахан чилээрхүү ч ухаан санаа нь жигтэйхэн сайхан саруул өвгөн байна. 

Намайг хараад шууд л “За, хүү минь. Сүнс чинь зайлаад удаж байгаа юм байна даа. Би шогол номоо үзээтхэе” гээд ном судраа дэлгэж, миний жилийг асууснаа “Чи гадаадад явж байхдаа нэг юмнаас жигтэйхэн айж сүнсээ зайлуулсан хүн байна. Түүнээс бус чи ашиг орлого, буян хишиг сайтай явах ёстой хүн байна. Наймааны ажил чамд их зохих юм байна” гэлээ. Би юунаас тэгтлээ их айсан юм бол гайхан бодож суутал Эрээнд жил шахмын өмнө шөнө гудамд хэдэн хятадуудад зэвсэг тулгуулан юаниа дээрэмдүүлсэн маань санаанд оров. 

Дээрэмдүүлж байхдаа “Ингээд хүний нутагт амиа алддаг юм байж” гэж бодон түгшиж зогссон. Тэр үеэс хойш миний наймаа бүтэлгүйтсээр ирснийг саналаа. Өөрөөр би тэгж нэг их айж цочирдоод байдаг хүн биш. Ер нь зоригтой талдаа, нударга зөрүүлэхээс буцахгүй эр. Тэр үед л миний сүнс сүлд зайлчихсан болж таарлаа гэж бодож суулаа. Өвгөн лам намайг өмнөө завилуулан суулгаад дүнгэнэтэл ном уншиж гарлаа. Хааяа над руу шившлэгийн юм цацна. Өвгөнийг ном уншиж байх хооронд миний бие жигтэйхэн нозоорон сульдаж, өөрийн эрхгүй нүд анилдаж, юун өнөө номыг нь сонсохтой манатай юм болж байна. Би дотроо өөрийгөө “Өвгөн ламыг доромжилж байгаа юм шиг ингэж унхиагүйтэж болохгүй шүү” гэж загнан сэргэх гэсэн боловч нэг мэдэхэд нүд анилдаад, бие сулбайчихсан сууж байна. Өвгөн номоо хориод минут уншсан нь надад ийм “дарамт” үзүүлж, санаа нь зовсон эхнэр маань үе үе хажуунаас чимхэж намайг “нойрноос” сэрээж байв. 

Өвгөнийг номоо уншаад дуусахын алдад гэнэт бие маань сэргэн хөнгөрч, өнөөх “нойр” ор мөргүй алга болж, өвгөн лам өөд гайхан хартал өвгөн номоо уншиж дуусан миний нүд өөд хараад, 
- За, хүү минь. Сүнс чинь биед чинь ороод ирсэн нь чиний нүүр, нүднээс тод харагдаж байна. Сүнс чинь нэлээд хол явсан байна шүү. Их холдсон сүнсийг дуудахад багагүй хугацаа ордог учир би ийм удаан уншлаа. Намайг ном уншиж байхад чиний бие сульдаж нозоорсон уу? 
Номын ид шид биеийг чинь тийм болгож, сүнсийг чинь хүлээж авахад бэлэн болгож байгаа нь тэр. Саяхан чиний бие гэнэт жигтэйхэн сайхан сэргээд ирж байгаа биз. Сүнс чинь биед чинь орж ирж байгаа нь тэр. Чиний сүнс тэр холоос ирж байгаа, биед чинь орж байгаа нь надад хүртэл мэдрэгдсэн гэж билээ. 

Түүнээс хойш миний цоглог байдал дахин сэргэж, арилжаа наймаа маань ашигтай болоод ирсэн. Би тэр өвгөн ламыг хүндэлж, багшаа болгон очиж бараалхдаг болсон. Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа Москвад явж байхдаа мөн л шөнө аймаар муухай царайтай Оросын рекетүүдэд хутга, буу тулгуулж түрийвчтэй мөнгөө дээрэмдүүлэхдээ жинхэнэ сүнсээ зайлтал айсан байлаа. 

Би ганцаараа тэд гурвуулаа байсан. Азаар би буудалд ихэнх мөнгөө орхисон байв. Сүнс нь зайлсан амьтан Москвагаас ирээд лам багш дээрээ очлоо. Багш маань бие нь нэлээд чилээрхүү байсан ч миний сүнсийг дуудаж өгөөд “За, хүү минь. Өвөөгийн нь хадан гэр ойртож байх шиг байна. Чи уг нь сүнс, сүлд хийморьтойгоо явж байвал их сайн явах ёстой хүн шүү. Тийм учраас би чамд сүнсээ дуудах маш хүчтэй тангад тарни зааж өгъе. Энэ тарнийг чин сэтгэлээсээ залбиран уншихад биеэс чинь гараад холдож амжаагүй байгаа, бас холдсон сүнс ч тэр дороо эргэж ирээд биед чинь ордог юм. 

Ер нь сүнс дуудах маш олон ном, арга засал байдаг. Энэ тарни бол шилдэгт нь багтана. Ганцхан айж цочирдсон тохиолдолд сүнс зайлдаггүй юм. Ямар ч үед зайлж болно. Сүнс зайлсан чинь андашгүй. Чиний ажил үйлс бүтэхээ болиод ирнэ. Нүүр, нүд чинь нэг л жавхаагүй, гал цоггүй болоод ирнэ. Тэгмэгц энэ тарнийг уншаарай. Сүнс чинь орж ирж байгаа бол андашгүй. Бие чинь хөнгөрч, нүүр нүд чинь гал цогтой болж, ажил үйлс чинь бүтээд ирнэ” гэж хэлээд сүнс дууддаг тэр шидэт тарнийг надад бичиж өгсөн юм. Багш маань энэ тарнийг тун цөөхөн хүнд бичиж өгснөө яриад, “Миний нууц тарнийг миний хүндэлсэн цөөхөн хүн мэдэж байг. Цаана чинь хүний сүнсийг дуудаж өгдөг маш олон ном, лам нар байна шүү дээ” гэж инээж байсан сан. Намайг нэгэн удаа наймааныхаа ажлаар Хятад руу яваад ирэхэд багш маань нас барсан байлаа.
 
Би гэрт нь очиж хүндэтгэл үзүүлсэн. Багшийн бичиж өгсөн тарнийг биеэсээ салгахгүй авч явдаг болсон. Зарим үед хүний сүнс их тогтворгүй, биеэс орж гарч байдаг юм билээ. Айж цочирдоогүй үед ч сүнс маань гараад явчихсан үе байдаг. Тарниа уншаад л дуудчихна. Сүнс гарчихсан, орчихсон нь багшийн хэлснээр тун андашгүй мэдрэгдэж байдаг. Тийм учраас надад сүнсээ дуудуулах гэж лам руу гүйх шаардлага гардаггүй гэж энэ наймаачин ярьсан юм. Харин тарниа хэлэхийг хүссэнгүй. Тэр ч аргагүй биз.