Saturday, May 6, 2017

Хүүхэд уйлаад байсан учраас ослын газрыг орхисон гэжээ



Хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлдгээс болж хүний амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн осол гарсаар байна. Өнгөрсөн даваа гаригт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс урагш гурван км зайд “Тоёота Ист” маркийн автомашин онхолдсоны улмаас түүнд сууж явсан Сайнцагаан сумын иргэн 57 настай Ц гэх эмэгтэй аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Хоёр хүн хүнд гэмтэн эмнэлэгт эмчлүүлж буй гэнэ.

Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн нутаг, Хонхорын замд “Ниссан Санни” маркийн А жолоочтой автомашин “Тоёота Чейзер”-тэй мөргөлдөж, машинд явсан 13, 16 настай хүүхдүүд гэмтсэн осол гарсан. Шалтгаан нөхцөлийг нь тогтоохоор цагдаагийнхан нарийвчилсан шалгалт хийж буй юм.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын III хэлтсийн Эрүүгийн тасгийнхан хоёрдугаар сарын 15-наас хойш эрэн сурвалжилсан жолоочоо уржигдар олж тогтоожээ. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Хүүхдийн II эмнэлгийн зүүн талд байрлах “Хүннү” зочид буудлын урд замын гуравдугаар эгнээнд явж байсан хар өнгийн автомашин шарваж зогсохдоо явган зорчигч Б-г мөргөсөн. Явган хүн улмаар нэгдүгээр эгнээнд явж байсан “Приус”-т дайруулан амиа алдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, эхэлж мөргөсөн машиныг эрэн сурвалжилж байсан билээ.

“Тоёота Кроун” маркийн автомашины жолооч О уг хэргийг үйлдээд ослын газрыг орхин явжээ. Тэрбээр цагдаагийнханд “Баянцээлээс Толгойт руу явж байсан юм. Сэлбийн гүүр дөнгөж өнгөрөөд байтал замын хаалт сараалжтай хэсгээс хүн гарч ирэхэд нь мөргөхгүйн тулд тоормослон зүүн гар тийш дарж зогссон. Огцом тоормослосноос болж хүүхэд маань машины урд салоныг мөргөж уйлсан. Гэтэл хажуу талаас “Приус” орж ирээд тэр хүнийг мөргөчихсөн. Цонхоороо хараад би мөргөөгүй учраас, бас хүүхэд маань уйлаад байхаар нь яваад өгсөн. Харанхуй үед гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулж явахыг сануулъя” гэсэн байна.