Өчигдрөөс эхлэн автомашины онцгой албан татвар нэмэгдсэн. Монголчуудын хувьд бензин тос бага “иддэг” гэдэг талаасаа хамгийн эрэлттэй унаа нь “Приус”. Өнөөдөр Монголын замын хөдөлгөөнд орж яваа машинуудын 80 хувь нь “Приус” гэсэн судалгаа бий. Аргагүй л ард түмний унаа даа. Гэтэл Сангийн сайдын санаачилгаар ийм машины татварыг үйлдвэрлэгдсэн оноос нь хамааруулан нэмсэн нь ард түмнийг хаа хүртэл “чирэгдэх”-ийг нь үзье гэснийх биз. “Он залуу” буюу 2008,2009 оны “Приус-20” машины онцгой албан татвар өчигдрөөс 450 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл ченжүүд өчигдрөөс ийм төрлийн машины үнийг 500 мянгаас 1.5 саяар нэмээд борлуулж байна. Тэдгээр машиныг татвар нэмэгдэхээс өмнө оруулж ирсэн нь тодорхой. Японоос өдөрт нь оруулж ирээд зарж байгаа юм шиг “татвар нэмэгдсэн болохоор ингэж нэмлээ” гээд нэгэн дуугаар тэд уйгагүй тайлбарлана. “Приус”-ыг 11.5-14 саяас үнэ тохироод зарна гэлцэнэ. Татвар нэмэхээс өмнө оруулж ирсэн машинууд ийм үнэтэй болж байхад нэмэгдэлтэй нь бүр “талийгаад” өгөх байх. Ялангуяа борлуулалт сайтай “залуу” машинуудын үнэ хэд болж данхийлгэх бол. Одоо монголчууд “Приус”-ны үнийг хөөж гүйцэх гэж их л чардайх янзтай боллоо доо. Эрхэм дээдсүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 7 төрлийн татвар нэмсэн шийдвэр гаргасан. Хэдийгээр тэдний таалалд нийцэж байгаа ч ард түмнийг арай л дэндүү шоглож байгаагийн эхлэл энэ юм.
Н.Намуун
