“...Авлигачид хэр хол явсан, эсхүл хэр удаан хугацаатай нуугдаж байгаа нь бидэнд асуудал биш, бид тэднийг буцаан авчрах талаар чадах бүхнээ хийх болно. Ян Жинхуныг Хятадад буцаан авчирч байгаа нь хууль бусаар хилийн чанадад гарсан хөрөнгийг буцаан авахаар ажиллаж байгаа Хятад Улсын хүчин чармайлтын илэрхийлэл боллоо...”
БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Хонг Лейгийн хэлсэн үгнээс...
Авлигтай үл эвлэрч, үргэлж тэмцэхийн үлгэр дууриалыг БНХАУ үнэн утгаар нь үзүүлж байна. Тус улс авлигын хэрэгт холбогдож, улмаар улс орноосоо оргон зайлсан ч, тэрхүү этгээдийг хаана байгаа газраас нь хайж олоод идэж ууж, авлигад авсан хөрөнгийг нь эргээд төлүүлэх тийм бодлогыг баримталж байна. Энэ бол авлигын эсрэг авч буй хамгийн шударга арга хэмжээ юм. Ингэснээр авлигачид ял завших ямар ч боломжгүй болно. Үүний тод жишээг одоо дурьдая.
“Sky Net” ажиллагааны эхний бай нь Ян Жинхун
Залилан хийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бизнесмен Ян Жинжун -ыг АНУ-аас эх оронд нь буцаан авчирч байгаа нь “Sky Net” ажиллагааны хүрээнд тус улсаас авч байгаа хамгийн анхны хүн боллоо хэмээн Хятадын Хяналтын яамнаас мэдэгдлээ.
Ян Жинхун нь Вэньжоу хот дахь “Minghe” группийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байгаад 2001 онд АНУ-руу оргосон бөгөөд 2005 оноос түүнийг Интерполоор хайж эхэлсэн билээ. Тэрбээр Вэнжоу хотын дэд дарга байхдаа 250 сая юаний (88 тэрбум төгрөг орчим) авлига авсан ажээ. Үүнээс гадна 40 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгагдаж байгаа Ян Жинхуны эгч Ян Шиузу нарын авлига, эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд АНУ-д байсаар байна Гэхдээ тэд тун удалгүй баривчлагдах нь тодорхой бөгөөд “Sky net” ажиллагааныхан дурандаа нэгэнт онилоод байгаа аж. Хятад Улс нь хилийн чанадад амьдарч буй авлига, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой бизнесмен болон албан тушаалтнуудыг буцаан авах зорилготой “Sky net” ажиллагааны хүрээнд өнгөрөгч оны 4 дүгээр сард 100 хүний нэрсийг ил болгосон билээ. Ийнхүү манай урд хөршид авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын эсрэг “Sky net” нэртэй “дайн” зарлаад эхнээс нь үр дүнг нь үзээд эхэлжээ. Харин манай улсад авлигачидтай хэрхэн тэмцэж байна вэ. Тэр тусмаа авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг хэрхэн шийтгэж байна вэ. Ар, араасаа ундран гарах дээрх асуултын хариулт даанч ичмээр. Доогуур төвшний авлигачдад нь ял оноодог ч Өршөөлийн хууль, шүүхийн шат дамжлагаар явсаар байгаад цагаадаж орхидог. Харин авлигад холбогдсон томоохон албан тушаалтнууд нь хил дамнаад алга болоод өгдөг. Тэдний ардаас сураг тавьдаг эсэх нь тодорхойгүй. Ёс гүйцээх мэтээр интерполд бүртгүүлж, эрэн хайж байгаа гэхээс өөр ажиллагааг АТГ-аас явуулдаггүй гээд хэлчихвэл буруудахгүй байх. Төрийн өндөр албан тушаалд байх хугацаандаа авлига, хээл хахууль, хууль бус бүхэнд холбогдсон этгээдүүд оргон зайлсныг олоод ирлээ гэсэн нь хэд билээ. Хамгийн наад захын жишээ болгож, эдүгээ интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн тухай товчхон хүргэе.
Интерполоор эрэн сурвалжлагдаж буй этгээдүүд
. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат
Манай улсаас Интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүст хамгийн сүүлд нэмэгдсэн нь Ч.Ганбат юм. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Samsung CT corporatian” компанийн удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилсан. Уг хэрэгт холбогдуулан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг цуг баривчлах тушаал гарсан ч тэд оргон зайлсан тухай мэдээлэл гарч байлаа. Д.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн зүйл заалтаар шалгаж байгаа. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү, Н.Энхтуяа нь 1960 оны хоёрдугаар сарын 29-нд төржээ. Англи, орос хэлтэй тэрээр Сингапур дахь Монголын далайн тээврийг хариуцан ажиллаж байсан гэгддэг. Монголын далайн тээврийг хариуцан Сингапурт олон жил амьдарсан түүний эзэмшиж байдаг 335 хөлөг онгоц байдаг гэсэн яриа ч бий. Түүнийг мөнгө завшуулсан, оргон зугтсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа юм.
БСШУЯ-ны дэд сайд асан Б.Тулгын төрсөн ах Б.Хуяг
1978 онд төрсөн Б.Хуягийг Интерполоор эрэн сурвалжлах болсон нь мөн л Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой. Н.Энхбаярын туслах байсан БСШУ-ы дэд сайд асан Б.Тулгын төрсөн ах энэ залууг мөнгө завшиж, оргон зугтсан нэрийдлээр эрэн сурвалжилж байгаа юм. Тэрээр Монголд байхдаа “Хар дун” гэх компанийн захирал байжээ. Түүний хувьд НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор "Өргөө" зочид буудлыг өөрийн "Хар дун" компанид шилжүүлсэн нь ийн эрэн сурвалжлагдахад хүргэжээ. “Өргөө” зочид буудлыг өөрийн нэр дээр авахаас найм хоногийн өмнө Б.Хуяг нь “Хар дун” компаниа байгуулж байсан гэдэг. Эх сурвалжийн хэлж байснаар компаниа байгуулаад удаагүй байхад тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүй “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, Б.Хуяг захиралтай “Хар дун” компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой “Дун-Өргөө” ХХК-ийг шинээр байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр туслахынхаа төрсөн ахын нэр дээр компани байгуулж “Өргөө”-г өөрийн болгосон гэсэн таамаг бий.
Энэ мэтчилэн төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлига, хээл хахуулийн хэргийн эзэн холбогдогч нар хил даваад алга болдог. Харамсалтай нь манай хууль хяналтын байгууллага, АТГ “Интерполд даатгаад” орхичихдог нь нууц биш. Эрэн сурвалжлагдаж байгаа эдгээр нөхдийн араас эрэн хайх ажиллагааг хэр идэвхитэй явуулдаг нь ч тодорхой бус. Ийм байхад Монгол Улс яаж авлигатай тэмцэж, авлигыг бууруулах юм бэ. Бид авлига хэмээх “аюул”-ыг арчиж арилгахын тулд Хятад шиг л тэмцэхгүй бол энэ хэвээрээ явбал эх орон минь авлигын уур уурхай болохгүй гэх газаргүй юм.
Эх сурвалж: Criminal.mn