Засгийн
газар өнгөрсөн наймдугаар сард төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор
найман төрлийн татварыг нэмэх санал оруулж ирж байсан ч олон нийтийн
эсэргүүцэлтэй тулсан учир дээрх саналаа эргүүлэн татсан билээ.
Тодруулбал, Засгийн газраас боловсруулан оруулж ирсэн Төсвийн
тодотголын тухай хуульд хувь хүний орлогын албан татварыг хоёр шатлалтай
болгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, архи тамхины онцгой албан
татварыг нэмэх, үл хөдлөх хөрөнгийн татвар буюу 150 ам метрээс дээш
байрнаас татвар авах, автомашины цилиндрийн багтаамж 4500-аас дээш бол
татвар авах, 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн
хүүгээс татвар авах зэрэг найман төрлийн татварыг нэмэгдүүлэхээр тусгаад
байсан юм. Тэгвэл энэхүү татваруудаас нэгийг нь ч нэмэхгүй байхаар
МАН-ын бүлэг зөвшилцөлд хүрч байсан цаг саяхан.
Гэвч
яг үүнээс таван сарын дараа дахин зарим татварыг нэмэхээр боллоо.
Тодруулбал, ОУВС Засгийн газарт 440 сая ам.долларын зээл өгөхөөр болсон.
Үүний хүрээнд ОУВС хэд хэдэн хатуу нөхцлийг манайд тавьж буй.
Иймд
Засгийн газар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох бүхий л
боломжийг дайчлах үүднээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар
ногдуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, зарим
бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, импортын тамхинд
ногдох гаалийн албан татварыг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг авч
хэрэгжүүлэхээр болов.
Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс
- Хүн амын орлогын албан татврыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх
- Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх
- Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар
- Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар
- Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон.
- Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх
- Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллах зэрэг найман арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
ТӨСВИЙН ЗАРЛАГА БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД:
- 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй. Зорилтот бүлгийн 40 хувьд өгнө. Гэхдээ үүнийг хоолны талон олгох байдлаар олгоно.Зорилтот бүлгээ зөв тодорхойлох.
- Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэхгүй байх шийдвэрт хүрсэн.
- Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
- Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлаж, үүний үр дүнд өртөг 10 хувь бууруулна.
- Нийгмийн халамжийн давхцуулахгүй байх чиглэл өгчээ.
- Төрөөс цэргийн албан хаагчид орон сууц болгох эсвэл түрээсийн мөнгө өгөх заалт баталсан билээ. Энэ хүрээнд төсөвт 50 орчим тэрбум төгрөгийн зардал үүсэхээр байсан. Харин үүнийг ОУВС-аас хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгох заалт оруулжээ.