Wednesday, February 8, 2017

7 настай Монгол охин ОУ-ын наадмаас хошой алтан медаль хүртлээ

Өнгөрсөн сарын 23-29 -ний өдрүүдэд Испанийн Уэска хотноо зохиогдсон “Сьюдад-де-Уэска”  Олон Улсын төгөлдөр хуурчдын наадамд Хөгжим бүжгийн коллеж болон Хүүхдийн ордны авьяастнууд өрсөлдсөн байна.
 С.Саянцэцэг багшийн удирдлага доор оролцсон 7 настай О.Нандин охин 13 хүртэлх насны ангилалд 1-р байр эзэлж, алтан медаль хүртлээ. 2-р байранд, “Хобби” сургуулийн сурагч Э.Цогт, 3-р байранд, “Сант” сургуулийн сурагч Г.Энхцэцэг нар оржээ. 7 настай О.Нандин охины хувьд насны ангилал ахиж тус тэмцээнд оролцжээ.Тэрээр 2 жилийн өмнө 2015 онд мөн л 13 хүртэлх насны ангилалд оролцож алтан медаль хүртэж байжээ. Түүнчлэн 6 настай Д.Энэрэлт 9 хүртэлх насны ангилалд 1-р байр эзэлжээ. Монгол улсын Хөгжим бүжгийн коллежийн 11-р ангийн сурагч, 17 настай Бат-Амар 17 хүртэлх насны ангилалд 3-р байр эзэлсэн байна. 12 дахь удаагийн “Сьюдад-де-Уэска” Олон улсын төгөлдөр хуурчдын наадамд Япон, Хятад, БНСУ, Канад, Польш, ОХУ, Итали, Испани болон Монгол зэрэг 10 гаруй орны залуу авьястнууд оролцсон юм. “Сьюдад-де-Уэска” Олон улсын төгөлдөр хуурчдын наадам анх 1999 онд зохиогдож байжээ.