Куала-Лумпурын нисэх буудал дээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн ахыг хөнөөсөн хэргийн бичлэг интернетэд тавигдсан аж. Ажиглалтын камерын бичлэгээс харахад, цагаан цамц өмссөн бүсгүй түүн рүү хэрхэн дөхөн очиж, барьж аваад нүүр рүү нь ямар нэгэн шингэн зүйл шүрших мэт болсон нь дүрслэгджээ.
Малайзын цагдаагийнхан Индонез, Вьетнамын харьяат хоёр эмэгтэй, бас нэг найз залууг нь, мөн БНАСАУ-ын химич эрийг баривчлаад байгаа билээ. Баривчлагдсан хоёр эмэгтэй мөрдөн байцаалтын явцад өөрсдөд тохиолдсон явдлаа мэдүүлжээ.
Тэд хэнийг ч хөнөөхөөр төлөвлөөгүй бөгөөд харин тэдэнд үл мэдэх хүмүүс хандан, хэрэв хонжворт тоглоомд оролцох юм бол 100 доллар өгнө гэсний дагуу өөр нэг оролцогчийн нүүр рүү улаан перец шүршсэн гэнэ. Гэтэл тэр хүн нь Ким Чен Нам байж таарсан аж.
БНАСАУ-ын өөр дөрвөн иргэн Малайзын цагдаа нараас зугатаж амжсан бөгөөд Пхеньян руу буцаж очсон бололтой. Уг аллага улстөрийн зорилготой эсэх нь одоогоор тодроогүй байна.
