Баянзүрх
дүүрэгт байрлах “Рояал Кэстл” хотхоны 12 давхраас 22 настай залуу унаж,
амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ хэрэг
хоёрдугаар сарын 29-нд болсон. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II
хэлтэс шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Амиа
алдсан залуу хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан ч
шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа юм.
Хэрэг
гарах үед “Рояал Кэстл” хотхоны 12 давхрын ... тоотод 11 залуу, нэг
эмэгтэй байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан юм. Тэгвэл хэргийн
газарт 22 настай Э.Намсрай, 21 настай Б.Цэрэнням, 28 настай Ж.Гантулга,
22 настай Ц.Цэрэндорж, 23 настай Б.Хүлэгт, 22 настай н.Жамух, 28 настай
Ц.Даваажаргал, 21 настай Г.Дөлгөөнбаатар, 22 настай Х.Есүнгэ нар
байсан юм байна. Залуустай хамт байсан эмэгтэйг Б.Намуун гэдэг, 25
настай бүсгүй гэнэ. Тэд талийгаачийг амиа хорлосныг мэдээгүй, унтаж
байсан гэж мэдүүлсэн байдаг. Талийгаачийг унасан талаар байрных нь нэгэн
оршин суугч мэдээлсэн бөгөөд цагдаа нарыг очиход залуус мансуурсан
байдалтай харагдсан учраас тус байранд нэгжлэг явуулсан байна.
Мөн
хэргийн газар байсан хүмүүсээс хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн
эсэхийг шинжлэхээр шинжилгээ авсан аж. Хэрэг гарсан байрнаас
мансууруулах төрлийн бодис болон хэрэглэсэн байж болзошгүй гаанс
олдсоныг эх сурвалжууд хэлж буй. Тиймээс дээрх 12 залууг хар тамхи
хэрэглэсэн байж болзошгүй гэж үзэж, шинжилгээ хийсэн байна. Хар тамхи,
мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох шинжилгээний дүн шинжилгээ
авснаас хойш 14 хоногийн дараа гардаг юм байна.