Ирц хүрэхгүй улмаас Байнгын хороо хуралдаж чадахгүй хойшлох нь ерийн
үзэгдэл болсон. Үүн дээр давс нэмж юм болгонд хошуу нэмдэг МАХН-ын
“Баасхүү” гишүүн “Томилгооноос хойш МАН-ынхан огт ирээгүй, бүхэл бүтэн
65 гишүүн байгаа гэхэд арай л байгаа биз” гэж хэвлэлийнхэнд алтан хошуу
өргөв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц хүрэхгүйн улмаас нэг цаг
хоцорч эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилж байгаа тул хурлыг
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байгаа. Энэ нь угаасаа хүн загнах
хоббитой Ц.Нямдоржийн “онгод-ыг хөглөж өгөв. Дугуй танхимын оройд
заларч, модон алх барьчихаад хэдэн гишүүдээ бахаа ханатал загнав. Уг нь
УИХ-ын 16 гишүүн томилолттой, хоёр гишүүн эмнэлгийн чөлөөтэй.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч л хүссэн үедээ
суух эрхтэй. Харин УИХ-ын гишүүд бол цагтаа ирж, цагтаа тарах үүрэгтэй.
Хамгийн залуу гишүүн Д.Гантулга, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ нар хуралдаа
ирцгээ. Энэ залуучууд жаахан нойроо дааж сурмаар юм аа. Хааччихсан юм
бэ” гэхчлэн хатуу үг чулуудлаа. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үргэлжлүүлэн
“Ажил 8.00 цагт эхэлдэг, хурал 10.00 цагт эхэлдэг. АН-ыг олонхи байх үед
МАН-ын гишүүд бид ирц муу байна гээд нүүрийг нь улайтал хэлдэг байсан
шүү дээ. Одоо яахаараа МАН олонхи болчихоод, 65-уулаа болчихоод ирцээ
бүрдүүлж чадахгүй байгаа юм. Гишүүд хаачсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн
дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг нар ирцээ бүрдүүл. Ирцийн
асуудлыг 65-ын бүлэг дээрээ ярь. Ирц нь бүрддэггүй эрх баригч бүлэг гэж
юу байдаг юм” гэлээ. Харин баян аавын эрх хүү Н.Номтойбаяр эр хүн эр
хүндээ хайртай гэгчээр залуу гишүүдээ өмөөрч, Ц.Нямдорж өөдөөс хэдэн үг
хэллээ.
Юутай ч МАН-ын залуу гишүүд их “технологижсон”. Дэд сайдаар сонгосон
“Дарваан хар” нь бараг Танхай “эмээ”-гээр тодрох дөхөөд байгаа үед
түрээсийн байртай Нямка даргын өмссөн хувцас, зүүсэн цагийн “үнэлсэн”
зураг цахимд “тэнэж” явна. 25 настай хүү нь 2,5 тэрбумын “шахаа” хийсэн
байхад аав нь ийм үнэтэй хувцас өмсөхөд алзахгүй дээ.