Wednesday, February 8, 2017

А.Баярцэцэг: Америкт очиход зохион байгуулагчид “Видеог чинь үзсэн” гэсээр угтсан

А.Баярцэцэг: Америкт очиход зохион байгуулагчид “Видеог чинь үзсэн” гэсээр угтсан

2017-02-08 07:38:22 - Энтертайнмент

Гоо сайхан, энх тайвны элчийг тодруулах “Дэлхийн мисс” тэмцээнд эТүгээх    
х орноо төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 гоо бүсгүйн нэгээр шалгарч, түүхэн амжилтын эзэн боллоо. Сүүлийн хэдэн арван жилд “Дэлхийн мисс”-ийн тэмцээний сүүлийн шатанд шилдэг 10 оролцогчийг тодруулж байсан ч энэ жил “People’s choice” буюу олон нийтийн санал асуулгаар тэргүүлсэн дахин нэг миссийг нэрлэж, энэхүү шалгаруулалтад А.Баярцэцэг шалгаран үлдэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан билээ.
Тэрбээр илбэ болон каллиграфын үзүүлбэрээр “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлж, энэхүү ёслолын ажиллагаанд өөрийн үзүүлбэрээ “Дэлхий мисс”-ийн тайзнаа үзүүлсэн билээ. Мөн түүний “Агаа эгээ” нэртэй хүмүүнлэгийн хөтөлбөр шилдэг 24-т багтаж, танилцуулга видео нь тэмцээний түүхэн дэх хамгийн сайн видео гэсэн үнэлгээг авав.
Тэмцээн дууссаны дараа А.Баярцэцэг АНУ-д байж байгаад гурав хоногийн өмнө эх орондоо иржээ. Түүнтэй бид тэмцээний үеэр хөшигний ард өрнөсөн үйл явдлууд болон цаашид юу хийж бүтээхээр төлөвлөж буй, хувь хүний хөгжилдөө хэрхэн анхаарч буй зэрэг сэдвээр ярилцлаа.
-МУЛАН КИНОНЫ ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦСОН-
-Монголдоо гурав хоногийн өмнө ирсэн гэлээ. Энэ хугацаанд юу амжуулав аа?  
-Ээжтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүссэн ч хажуугаар нь нилээд олон уулзалттай байлаа. Би Монголдоо гурван долоо хоногийн хугацаанд байх төлөвлөгөөтэй байгаа учраас энэ хугацаанд хамт ажилласан, дэмжсэн бүх хүмүүстэйгээ уулзах гэж хичээж байна. Мөн киноны шалгаруулалтууд үргэлжилж байгаа.
-АНУ дахь кино шалгаруулалтыг хэлж байна уу?
-Америк, Монголын аль алинд нь киноны шалгаруулалтад оролцож байгаа.
-Миссийн тэмцээн дууссанаас хойш Америкт нилээд удлаа. Энэ хугацаанд хаана, юу хийв ээ?  
-Би өмнө нь Америкт нэг жил байсан болохоор уулзах найз нөхөд, санаж байсан хүмүүс нилээд байлаа. Тэмцээнээ дуусгаад хоёр долоо хоног амраад, Лос Анжелес рүү явсан. Тэнд жүжигчний карьераа эхлүүлэхийг хүсч байгаа учраас хэд хэдэн шалгаруулалтад орж, хүмүүстэй уулзаж, танилцсаар яваад ирлээ.
-Тухайлбал, Дисней компанийн “Мулан” киноны шалгаруулалтад оров уу?
-Тийм ээ. Ер нь кино шалгаруулалт их олон үе шаттай явагддаг. “Мулан” кино энэ наймдугаар сараас хийгдэж эхлэх төсөл учраас дэлхийн их олон орны маш олон мундаг жүжигчин ирж шалгаруулалтад оролцож байсан. Одоогоор шалгаруулалтын талаар ямар нэгэн мэдээ, мэдэгдэж байгаа юм алга л байна.
-Та өөрийгөө энэ шалгаруулалтанд ямар хэмжээнд оролцсон гэж бодож байна вэ?
-Өөрийнхөө хэмжээнд, сэтгэлд минь хүрсэн. Илүү өвөрмөц дүр төрх гаргаж чадсан байж магадгүй гэж бодож байгаа. Гэхдээ миний хувьд шууд л тэнцчихнэ гэхээсээ илүүтэй олон улсын томоохон төслүүдэд залуу уран бүтээлчийн хувьд шалгуулж явна гэдэг өөрөө их том туршлага гэж боддог. Бусад хүмүүстэй адилхан шалгаруулалтад орж, шалгуулж, түүнд зориулж өөрийгөө бэлдэх, хөгжүүлэх, сурч дэвшээд явна гэдэг нь дараа дараагийн уран бүтээлд хэрэг болно гэж бодож байна.
-Тун удахгүй нээлтээ хийх гэж буй шинэ киноны тань талаар тодруулъя. Та энэ кинонд ямар дүр бүтээсэн бэ?
-Хамгийн сүүлийн уран бүтээл болох “Явуулын хүн” нэртэй кино маань ирэх долоо хоногт нээлтээ хийх гэж байна. Оросын зохиолч В.М. Шукшиний “Миний хэнэггүй ах” зохиолоос сэдэвлэсэн энэ кинонд би Ариунаа гэдэг хөдөөний эмэгтэйн дүрд тоглосон. Яг л монгол эмэгтэйн жинхэнэ төрх. Мэдээж киноны явцад мэдэхгүй чадахгүй юм их гарсан. Зураг авалт нэг сарын хугацаанд хөдөө үргэлжилсэн. Миний үлгэр дуурайлал авдаг ахмад үеийн жүжигчид маань энэ кинонд хамт тоглосон болохоор залуу хүний хувьд тэд нараасаа суралцаад, “хөлд нь чирэгдэж” явсаар дүрээ гаргасан (инээв. сурв).  
-АНУ дахь кино сургуулийн ажил тань юу болж байгаа вэ?
-Холливудэд “Acting school” гэж сургалт их байдаг. Тэр нь Монголд дөрвөн жил сураад бакалаврын диплом авдагаас арай өөр систем юм л даа. Магадгүй жүжигчний мэргэжлийн дипломтой байсан ч кинонд тэнцэхгүй байж болно. Харин дипломгүй байсан ч авьяастай бол тэр авьяасаа нээн илрүүлэх, өөрийгөө сорих, суралцах боломжийг энэ сургуулиуд олгодог юм. Яг л “Gym”-д явж байгаа юм шиг багштайгаа долоо хоног хичээллэх, шалгаруулалтдаа орох гэх мэтээс эхлээд байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Энэ сургалтыг манайхан бакалаврын системтэй эндүүрэх нь бий.

-ГАНЦХАН ШӨНИЙН ДОТОР 100 САЯ ХҮНТЭЙ УЛСЫГ МАНАЙ
ГУРВАН САЯ ХҮН СЭТГЭЛ НЭГТЭЙГЭЭР ЯЛСАН-
-Одоо таны оролцсон тэмцээний талаар ярья. Та өмнө нь олон улсын миссийн тэмцээнүүдэд оролцож байсан туршлагатай. Энэ удаагийнх зохион байгуулалт болон шаардлагын хувьд юугаараа онцлогтой байв?
-Энэ тэмцээн түүхэндээ АНУ-д хоёр дахь удаагаа зохиогдож байгаагаараа онцлогтой. Финалын тоглолт ч гэсэн илүү энтертайнмент талдаа болсон. Өмнөх жилүүдийнхийг харж байхад Хятад, Индонез зэрэг улсуудын зохион байгуулалт илүү уламжлалт тал руугаа гэж хэлж болохоор. Харин АНУ-ын хувьд олныг хамруулж, сошиал санал асуулга зэрэгт их ач холбогдол өгч байгаа нь харагдсан. Шүүгчид гэхэд шилдгүүдээ сонгочихсон хэрнээ ялагчдыг олон нийтийн саналын дунд үлдээж байгаа юм.  
-Та авьяасын үзүүлбэр дээр олон орны бүсгүйчүүдийг тэргүүлсэн. Бусад орны миссүүд болон зохион байгуулагчид энэ үзүүлбэрт ямар үнэлгээ өгсөн бэ?
-“Miss World” тэмцээний түүхэнд ийм хослол үзүүлбэр үзүүлж байгаагүй юм билээ. Илбэ, бүжиг, калиграф гурвыг хослуулсан. Тэдний хувьд энэ үзүүлбэр маш сонин байсан. Ялангуяа хувцсаа хурдан сольдог хэсэг дээр бүгд “Wow” гээд, нүд нь бүлтийгээд үзэж байсан шүү (инээв. сурв). Ер нь “Их өвөрмөц байна, гоё байна” гэцгээж байсан. Миний хувьд бусад орны охидын үзүүлбэрийг үзэхэд маш өндөр түвшинд, их сайн бэлдсэн санагдсан. Мэргэжлийн дуучин, мэргэжлийн акробатчин гээд үнэхээр аль үзүүлбэр түрүүлэхийг мэдэхгүй, ширүүн өрсөлдөөн болсон. Ялагчийг шалгаруулах үед Унгар, Филиппин бид гурав тэргүүлж, хамгийн сүүлийн өдөр Филиппиний мисс бид хоёр санал асуулгын дүн маш ойролцоо очсон. Гэтэл ганцхан шөнийн дотор 100 сая хүнтэй улсыг манай гурван сая хүн үнэхээр сэтгэл нэгтэйгээр ялж гарч ирсэн.
-Монгол улсаас дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд анх удаа ардаа баг бүрдүүлж оролцож байгаа тохиолдол гэж та хэлж байсан. Таныг тэнд ажиллаж байхад багийнхан чинь энд идэвхижүүлэлтийг зохион байгуулалттай хийж байсан. Таны төлөө, эх орныхоо төлөө ингэж ажиллаж байгаа залуусыг хараад танд юу мэдрэгдэж байв?
-Хүмүүсийн хайр дэмжлэгийг үнэхээр их мэдэрсэн. Тэмцээн дуусаад би хэдэн долоо хоног стресст орсон шүү (инээв. сурв). Эхэндээ таньдаг мэддэг ах эгч, найз нөхөд гэх мэт хэдхэн хүний бүрэлдэхүүнтэй байсан баг маань тэмцээний финал болоход бүр өргөжиж, бараг улс даяараа намайг дэмжиж байсан. Сүүлдээ би хэн, хаана намайг яаж дэмжээд байгааг ч мэдэхгүй тийм олон болж өссөн. Тэмцээн дууссаны дараа намайг дэмжсэн хүн болгонд баярласан талархсанаа илэрхийлж захидал бичихийг эрмэлзсэн. Хүн гомдоох вий, хүн орхих вий гэж хэдэн долоо хоног бодож явсан. Өдөр болгон эхнээс нь ахин дахин гүйлгэж хараад, түүн рүү бич лүү, тэрэн рүү бич лүү гээд л баярласан талархсанаа илэрхийлсэн. Шилдэг 11-т ороход яг л энэ хүмүүсийн хайр энэрэл, баг хамт олны маань өдөр шөнөгүй санал өгөхийг уриалж, ажиллаж байсан таньдаг таньдаггүй хүмүүсийн хайр энэрлийг мэдрэх үнэхээр сайхан байсан.
-Шилдэг 10 гэж тодруулдаг байсан. Шилдэг 11 дэх мисс тодруулсан нь анхны тохиол уу?
-Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд шилдэг 11 дэх миссийг тодруулж байгаагүй юм билээ. Шилдэг 10-т Солонгос гээд дуудахад “За тэмцээн ингээд л дууслаа” гэж бодсон. Гэтэл “Энэ жилийн тэмцээн маань арай өвөрмөц болж байгаа. Тэмцээнд маань шилдэг 11 оролцогч тодорч, ард түмний санал асуулгаар тодруулсан миссийг зарлана” гээд Монголыг дуудахад үнэхээр сэтгэл хөдөлсөн, нулимс гарчих гээд байсан. Магадгүй шилдэг 10-т гээд дуудсан бол тэгж их догдлохгүй байсан ч байж магадгүй.

-26 НАСТАЙ БИ ТЭНД ХАМГИЙН АХМАД НЬ БАЙСАН-
-Тэмцээний оноо цуглуулах олон зүйлсийн нэг нь охидын дунд нийтэч байсан эсэх, хүмүүстэй хэрхэн харилцаж, нөхөрлөж байгаа зэргийг хардаг гэв үү?
-Хүмүүсийн хандлага, зан суртахуунаас ажиглаж байгаад өгдөг нууц оноонууд бий. Миний хувьд хэлний мэдлэгтэй байсан нь давуу тал болсон юм болов уу. Би өөрөө испаниар ярьдаг болохоор Латин Америкийн охидтой нилээд их нийлдэг байсан. Ер нь тэнд охид тив тивээрээ хуваагдаад нийлдэг. Тухайлбал, ази охид их даруухан, дуугүй, тэрүүхэн тэндээ л нийлээд явдаг бол Латин Америкийн охид тэрүүгээр нэг дуулж, бүжиглэсэн, инээлдсэн, дуу ихтэй байдаг. Миний хувьд азиудтай ч, Латин Америкийн охидтой ч нийлдэг. Тэр дундаа дэд мисс болсон Доминиканы охинтой амьдралын сайн найзууд болсон. Ер нь хүн болгонтой харилцаа үүсгэхийг их хүсдэг байсан. Оноо гэхээсээ илүүтэй соёлын асар том солилцоо явагдаж байгаа юм. Нийт 130 орон байхад миний мэдэхгүй, очиж үзээгүй, шинэ шинэ газрууд маш их байгаа. “Танай улс яадаг юм” гээд л надад их сонирхолтой санагдана. Тэр охидтой уулзсанаас хойш тэр газарт очиж үзэхсэн, тийм юмыг нь харахсан гэх бодол их төрсөн.
-Нилээд шахуу хуваарьтай ажилласан гэсэн. Ер нь тэмцээний үеэр хэдэн цаг унтаж байв аа?
-Би өдөртөө дөрвөн цаг унтдаг байсан. Өглөө 08:00 цагт бэлэн байх ёстой учраас эрт босоод нүүр, үс, хувцастаа анхаарахын тулд 06:00 цаг гээд босно. Орой 22:00 цагийн үед өрөөндөө орж ирдэг. Энэ үеэр Монголд өдөр болж байдаг учраас сошиал орчин дахь мэдээллүүддээ анхаарах, хүмүүсийг санал асуулгад уриалах гэх мэтээр ажиллаж байгаад, шөнө 02:00 цагийн үед унтдаг байсан. Яг бүтэн сар ингэж нойргүй явахад ядаргаанд ордог юм байна лээ шүү. Финал болохын өдөр яг муужирч унах дөхсөн ч маш их хичээсэн. Сошиал дээр тэгж ажиллана гэвэл унтах цагаасаа л хумсалдаг юм билээ.
-А.Баярцэцэг хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэхэд их анхаардаг. Тэнд очоод сурсан мэдсэн зүйл их бий биз?
-Тэгэлгүй яах вэ, маш их бий. Нэгдүгээрт, амжилт гэдэг багийн хүч хөдөлмөрөөр ирдэг гэдэг сургамжийг зүрхэндээ ортол мэдэрсэн. Хэрэв А.Баярцэцэг ганцаараа энэ тэмцээнд бэлдээд, ганцаараа яваад орчихсон бол өнөөдөр ийм амжилт үзүүлэхэд их хэцүү л байх байсан. Үнэхээр баг хамт олонтой байх, хойно минь асаалттай танк шиг хэдэн хүн байсан болохоор сэтгэлд хүртэл өег байсан. Хилийн чанадад байгаа монголчууд маань ч гэсэн маш их дэмжсэн. Гэрээсээ хол байсан ч гэсэн их дотно санагдаж байсан нь надад давуу тал болсон. Олон улсын охидоос суралцах зүйлсийн тухайд маш их. Миссийн тэмцээнд оролцож байгаа охидыг жаахан муу санаатай, наанаа инээж байгаа ч цаанаа хорлох гээд байдаг гэх мэтээр ерөнхийлөн төсөөлдөг. Гэтэл яг очоод харахад маш мундаг охид байдаг. Бүгд өөр өөрийн хийж байгаа зүйлдээ өөрийгөө бүрэн дайчилдаг, 3-4 хэлээр ярьдаг, хувь хүний хөгжилдөө дээд зэргээр анхаардаг шиг санагдсан. Ер нь өөрөө өөрийгөө хөгжүүлнэ гэдэг их залуужчихсан юм шиг санагдсан. Тэмцээнд оролцож байгаа ихэнх охид 18-20 настай байсан бол би 26 настай, хамгийн ахмад нь байсан. Гэтэл тэдний мөрөөдөл, амьдралыг үзэж байгаа үзэл, хэл яриа, сэтгэлгээ гээд бидэнтэй бараг л адилхан. Би 18 насандаа ийм зүйл бодож бай луу гэж өөрөөсөө асуухад хүрч байлаа. 
-“ХҮМҮҮС ХЭЗЭЭ ИРЭХ ВЭ” ГЭЖ АСУУЖ БАЙСАН Ч ЖААХАН ИЧЭЭД,
ЧИМЭЭГҮЙХЭН ИРЭХИЙГ ХҮССЭН-
-Монголдоо ирээд та үзэж харсан, сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж ямар сэдвээр лекц уншив?
-Одоохондоо тогтмол лекц уншаагүй байна. Ирснийхээ маргааш Х.Бадамгэрэлтэй хамтраад “Мөрөөдлөө амилуул” нэртэй лекц сургалтыг Андра академи дээр хийсэн. Андра академийнхан маань намайг тэнд байхад маш их туслалцаа үзүүлж, дэмжиж байсан юм. Би ч өөрөө Андра академийн гишүүн болж байгаадаа маш их баяртай байгаа. Х.Бадамгэрэл бид хоёр найзлаад 10 гаруй жил болж байгаа их сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Тийм болохоор ч тэр үү бие биенийхээ ажил үйлсийг нэг гэр бүлийн хүмүүс шиг л дэмждэг. Нөхөрлөсний 10 жилийн ойгоо тохиолдуулж бид хоёр энэ жил нийгэмдээ хэрэгтэй, залуусыг уриалсан, хувь хүний хөгжилд нэмэр болохуйц маш олон сайхан ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Үүний нэг нь “Мөрөөдлөө амилуул” сургалт байлаа.
-Баяраа ээжтэйгээ хэрхэн хуваалцсан бэ?
-Шилдэг 11-т шалгараад хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Ээж маань маш аз жаргалтай байсан. Тэнд тэмцээн болж байхад манай багийнхан үүрийн 05:00 цагт хамтдаа финалын шалгаруулалтыг үзэхэд ээж маань тэнд хамт байсан юм билээ. Тухайн үед ээж маань ямар сэтгэл хөдлөлтэй байсныг найзууд маань сүүлд бичлэгээс үзүүлсэн. Харин сая Монголд ирэхэд ээж, эгч хоёр маань намайг тоссон. “Хүмүүс хэзээ ирэх вэ, тосч авна” гэж хэлж байсан ч жаахан ичээд, чимээгүйхэн ирэхийг хүссэн.
-Таны танилцуулга видеог дэлхийн мисс тэмцээний түүхэн дэх хамгийн сайн видео гэж үнэлсэн. Хүмүүс танд сэтгэгдлээ хэрхэн илэрхийлж байв?
-Ер нь их сайхан байсан. Дэлхийн  миссийн тэмцээнд яг иймэрхүү эрэмгий, зоримог, морь унаад л, дайчин хувцастай байгаагаар хийж байсан видео байгаагүй юм байна лээ. Видеог маань “ACE” энтертайнментын Д.Тулга ах маань хийж өгсөн. Видеонд зориулан хөгжмийг нь хүртэл тусгайлан бичсэн шүү дээ. Бээжинд байдаг, хөгжмийн зохиол бичдэг Ж.Түвшинжаргал гэж найз маань хоёр хоног сууж байгаад бичиж өгсөн. Тийм ч учраас бусад орны видеонуудаас өөр, Монголыг харуулсан, Монголд ирэхийг хүсэхүйц сэдэл төрүүлсэн аялал жуулчлалын промо видео шиг болгохыг зорьсон. Хамгийн анх Америкт очоод зохион байгуулагчидтайгаа уулзахад шууд “Би чиний видеог үзсэн” гээд угтаж авч байсан. Харин охидын хувьд Монгол болон Филиппин улсын видеог үзээгүй хүн гэж байгаагүй шүү.
-ФИЛИППИНИЙ МИСС ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ БАЙСАН-
-Филифиний мисс таны хамгийн хүчтэй өрсөлдөгч байжээ?
-Тийм ээ. Филиппиний мисс хамгийн хүчтэй өрсөлдөгч төдийгүй хамгийн их юм сурч авахаар, үлгэр дуурайлал болохуйц охин байсан. Бид хоёрыг эн тэнцүүхэн өрсөлдөж байсан болохоор хүмүүс бие биедээ дургүй гэж бодоод байх шиг байсан. Гэвч бид бодит байдал дээр бид хоёр бие биенээ хамгийн сайн хурцалж өгдөг найзууд байлаа. Филиппиний мисс 22 настай гэхэд бүх зүйлийг яаж яг төгс төгөлдөр хийдэг вэ гэдгийг харуулж чадсан.
-Та цаашид жүжигчнийхээ мэргэжлийг улам мэргэшүүлээд явахаас гадна өөр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Ойрын үед жүжигчнийхээ карьерт л илүү анхаарлаа хандуулна. Жүжигчин хүний хувьд өөрийгөө сайтар хөгжүүлэх шаардлага байгаа гэдгийг харж байна. Ялангуяа олон улсын төслүүд дээр илүү их ажиллахыг хүсч байгаа. Жүжигчнийхээ карьерыг Америкт эхлүүлэх сонирхолтой байгаа. Тийм ч учраас бүх тал дээр сурах, сайжруулах, хүнтэй уулзаж танилцах, шалгаруулалтад орох зэрэг маш их хийх ажил байна. Үүний хажуугаар өмнө хэлсэнчлэн хүмүүст видеогоор дамжуулан өөрийн дуу хоолойг бусдад эерэгээр дамжуулан хүргэх хүсэл байна.
-А.Баярцэцэг сүүлийн үед ямар ном уншиж байгаа юу?
-Одоогоор киноныхоо зохиолын номыг уншиж байна. “Warner Bros”-ын “Галзуу Баян Азиуд” кинонд шалгуулж байгаа болохоор тэр номоо уншиж байгаа. Өөрөөр илүү сонгодог номууд унших дуртай. Сүүлийн үед ялангуяа Орос, Хятадын зохиолчдын номыг их авч байгаа ч одоогоор уншиж амжихгүй яваад л байна. Мөн Жавхарлал Неругийн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” гэдэг номыг одоо уншиж байгаа номныхоо хажуугаар, арай завтай болсон цагтаа уншаад явж байгаа. Энэ номыг “чимх чимх”-ээр уншаад, бодоод явахад их амттай юм байна лээ. Залуу хүмүүсийн хувьд заавал унших ёстой номын нэгийг санал болгооч гэвэл Бразилын зохиолч Пауло Коелогийн “Алхимич” гэдэг номыг нэрлэмээр байна. Энэ ном ялангуяа залуу хүмүүст хүсэл мөрөөдөлдөө хүрэх, тууштай байх, өөрөө өөртөө өгөх итгэлийг бадрааж өгдөг гайхалтай, ид шидтэй ном юм болов уу гэж боддог. Миний амьдралыг ч өөрчилсөн. Тиймээс уншаагүй хүмүүс байвал тэр номыг олж уншаарай гэж захих байна. Бараг бүх номын дэлгүүрт 8000 төгрөгөөр зарагдаж байна лээ (инээв. сурв).
-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултаа танд үлдээе!
-Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийг саяын туршлагаас харсан. Яг тэр хүчээ зөв зүйлд дахин зарцуулаасай. Ганцхан хоногийн дотор 100 сая хүнийг даваад гарчихаж байгаа юм чинь агаарын бохирдол гэх мэт нийгмийн асуудлууд руу яг энэ хүчээрээ шуураад орчихвол чадахгүй зүйл гэж бидэнд байхгүй. Бидэнд байгаа ганц дайсан бол залхуурал, дов жалганы хэрүүл юм. Илүү зөв зүйл бодож, зөв зорилготой байгаасай гэж хүсэх байна.






Б.ГЭРЭЛ