Биеэ үнэлэгчидтэй тэмцэх ажлыг хууль хяналтын байгууллагынхан байнга л хийж байгаа гэдэг. Өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд л цагдаагийн албан хаагчид массаж хийдэг гэх газруудад гэнэтийн шалгалт хийж, зохих арга хэмжээ авсан байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамт явсан болохоор тэрхүү шалгалтын талаар сонин хэвлэл, сайтуудаар багагүй л гарлаа. Ерөнхийдөө массажист нэрийн дор биеэ үнэлэх байдал газар авсан гэхэд болно.
Өнөөх “Улаанбаатар” зочид буудлын өмнө зогсдог байсан нөхдүүд моодноос гарч, массаж хийхийн хажуугаар нэмэлт үйлчилгээ үзүүлдэг охид хаданд гарсан гэх үү дээ. Уг нь хууль хяналтынхан байнга тэмцэж, хаахыг нь хааж, хариуцлага тооцдог ч үр дүн нь муу байгаа. Гэтэл сүүлийн үед “гулгаа” гэсэн тодотголтой массаж гарч ирж, массажистуудын цэсэнд нэмэгдсэн аж. Энэхүү шинэ үйлчилгээг ч манай эрчүүд ихэд сонирхож, хошуурдаг болсон юм уу даа янз нь.
“Гулгаа” массаж гэдэг нь массажист гэгдэх эмэгтэй бүх хувцсаа тайлаад, биеэ тослоод, үйлчлүүлэгчдээ биеэрээ массаж хийхийг хэлдэг юм байх. Массаж гэж тодотгох ч хаашаа юм. Зүгээр л нүцгэн биеэрээ үрж байгаа хэрэг юм уу даа. Массаж хийнэ гэдэг бол зүгээр л нүцгэн биеэрээ үрж, гулгахаас өөр зүйл гэдэг нь мэдээж. Тэгэхээр “гулгаа” массаж гэдэг биеэ үнэлэлтийн төгс хэлбэр болчихоод байгаа нь энэ байх.
Зүгээр л массажны газар биеэ үнэлэлт хэрээс хэтэрсэн гэж манайхан яриад, бичээд байдаг. Массажист гараараа атгаад, хуянг нь хөөгөөд, шар усыг нь тараагаад, массаж хийгээд өгөхөд үйлчлүүлэгч нь хэсэгтээ амраад гарч болно. Заавал нэмэлт үйлчилгээ авна гээд, биеэ үнэлэх асуудал руу оруулах гээд байх шаардлага ч байхгүй. Харин “гулгаа” массаж гэдэг нэмэлт үйлчилгээгүйгээр байх ямар ч боломжгүй зүйл болж таараад байгаа юм.
Хаа сайгүй л байна. Нэгэн үе массаж хийдэг гэгдэх охид, бүсгүйчүүд лавлах утсанд дугаараа өгөөд, тэндээс нь хүмүүс авдаг байлаа. Одоо ч тийм л байгаа. Энэ талаар хэвлэлээр хангалттай бичсэн. Интернэтэд энэ төрлийн бичлэг, нийтлэл хэдэн зуугаараа байгаа. Тэгвэл сүүлийн цагаандаа гараад, хулдаасан дээр хэвлээд, гудамжинд наадаг болчихож. Улаан, цагаан биеэ үнэлж байна гэсэн үг шүү дээ.
“Гулгаа массаж” гэдэг үг чинь биеэ үнэлнэ гэдгээс ялгарч сонсогдохгүй, харагдахгүй байна. Цахим хуудсуудаар “Гулгаа массаж” хийдэг эмэгтэй нэмэлт үйлчилгээ үзүүлэлгүйгээр хийдэг. Би тэгдэггүй гээд л ярьсан байна билээ. Танихгүй эрийн өмнө бүх хувцсаа тайлаад, нүцгэлээд, дээгүүр нь гулгаж чадаж байгаа хүн биеэ үнэлэхгүй байна гэж хэзээ ч байхгүй.
Тэгээд ч бид “Гулгаа массаж. 888363.., 888330..” гэх мэт зарын дагуу хэд хэдэн хүн рүү ярьж үзсэн. Хаана, ямар байдлаар үйлчилгээ явуулдаг талаар энд бичээд яах билээ. Нэг талаараа тэдний мэдээллийг илүү түгээж байна л гэсэн үг шүү дээ. Харин тэд бүгдээрээ л нэмэлт үйлчилгээ үзүүлнэ, 35-50 мянган төгрөг байхад болох талаар ярьж байсан.
Мэдээж “Гулгаа” массажны үнэ тусдаа. Түүн дээрээсээ дээр дурьдсан хэмжээний мөнгө төлөөд л бүх зүйл нээлттэй юм байх. Хэвлэлийнхэн, цагдаа очихоор зүгээр л массаж хийж байгаа нэртэй, өөрсдийгөө өмгөөлөөд байдаг тэд үнэн чанартаа ийм л байна. Мэдээж хууль, хяналтын байгууллагынхан энэ мэт зарлалыг харж л байгаа байх. Тийм болохоор зохих арга хэмжээг аваад, шалгаад явж байгаа гэдэгт найдаж байна.
Массажны газар ажиллуулах гэж байгаа бол байр түрээслэхийг хориглодог байя
Өнөөдөр “Гулгаа массаж” гэсэн зар тавьж байгаагаас гадна цахим ертөнцөд ч гэсэн том байр суурь эзэлж эхэллээ. Зарын сайтуудад энэ төрлийн зар хэдэн зуугаараа байгаа. Мөн “Гулгаа массаж” гэсэн фэйсбүүк хуудас хүртэл нээчихсэн байна. Худал хэлсэн хүнд тохилог байраараа өрсөлдөж эхэллээ, “Гулгаа” массаж хийгчид чинь.
Массаж нэрийн дор биеэ үнэлэх байдалтай тэмцэж байгаа хуулийнхан “Сүүлийн хоёр жилийн хугацаанд массажны газрууд ихэссэн. Яагаад гэвэл 2012 оны нэгдүгээр сард Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулж, 4.2 заалт буюу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, биеэ үнэлэх явдлыг санхүүжүүлэх, орон байраар хангах, зуучлах, тээврийн хэрэгсэл ашиглах тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох, торгох арга хэмжээ авах, тээврийн хэрэслийг нь улсын орлого болгоно гэсэн заалтыг хүчингүй болгосон.
Оронд нь биеэ үнэлэхийг хориглоно гэж заалт оруулсан. Энэ заалт байхгүйгээс зөвхөн биеэ үнэлэгч нарыг баривчлах арга хэмжээ явагдаж байна. Үүнээс болж, хариуцлага хүлээх байгууллага, аж ахуйн нэгжүүд гаарч далд хэлбэрээр гулгуур массажны цэгүүд олширсон” хэмээн ярьж байна.
Яагаад Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хамгийн гол, массажны газруудтай тэмцэх ач холбогдол бүхий заалтыг хүчингүй болгосон бэ гэдэг асуулт энд гарч ирж байгаа юм. Одоо манай хууль баталдаг нөхдүүд тэр заалтыг сэргээх, нэмж өөр хатуухан заалтуудыг ч оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бүхий л байшингийн хонгилын давхар массажны газраар дүүрэх нь. Ямар сайндаа л ТОССК-ийн хонгилын давхарт “Сити” хэмээх массажны газар ажиллаж байх вэ дээ.
Ямар ч байсан өнгөрсөн хоёрдугаар сар эхэнд цагдаа нар шалгахад л тэнд массажны газар байсан тухай сурвалжлага цахим сайтуудад байж байна. Бүхэл бүтэн төрийн байгууллагын байранд л биеэ үнэлэлт явагдаж байна шүү дээ. Тийм болохоор хуулийн заалтад орон байраар хангавал хариуцлага тооцох тухай заалтыг заавал оруулж өгөх хэрэгтэй байна.
Н.Пунцагболд
