Friday, May 5, 2017

“Өршөөлийн сар”-д багтаж нутагтаа ирээрэй



-“Өршөөлийн сар” зарласан ч сард хоёр сая воннын цалин авдаг болохоор нутаг буцах бодолгүй байгаагаа зарим монголчууд хэлж байв. Гэвч өршөөл үзүүлэх хугацаа дуусмагц хариуцлагаа чангатгана гэж Солонгосын талаас мэдэгдэж байна-

Өмнөд Солонгос улсыг зорих монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хоёр улсын Хөдөлмөрийн яамдын гэрээгээр гэрээт ажилчин гаргах болсноос хойш 10-аад жилийг үджээ.

Өмнөд Солонгос улсын Хөдөлмөрийн яамны дэргэдэх Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар 2006 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Ингээд тус улсад гэрээт ажилтнаар ажиллаж байсан сэтгүүлч миний бие тус улсын Хөдөлмөрийн яамны урилгаар өнгөрөгч ням гаригт/2016.11.20/ Сөүл, Ансан хотноо гэрээгээр ажиллаж байгаа монголчуудтайгаа уулзалт зохион байгуулсан юм.

МОНГОЛЧУУД ХАРЛАХ НЬ ИХЭСЧЭЭ

Хоёр орны Хөдөлмөрийн яамдын гэрээний дагуу энэ жил гэрээт ажилтнаар 1100 хүн авахаар болжээ. Одоогоор 760 хүн тус улсад үйлдвэрт гэрээгээр ажиллахаар очсоноос нэг хүн зугтжээ. Ингэж харлах байдал нь дараа дараагийн квот багасах асуудал болж байна. Одоогоор тус улсад харлаж байгаа улсыг Вьетнам тэргүүлж байгаа бол БНХАУ, Монгол удаалж байна. Энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа Вьетнам улсад анхааруулгыг өгч дараа дараагийн жилд квот өгөх эсэх нь эргэлзээтэй болсон аж.

Сүүлийн жилүүдэд гэрээт ажилчдын квотыг багасгасан нь харлаж байгаатай холбоотой гэж албаныхан тайлбарласан. Одоогоор гэрээгээр ажиллаж байгаа монголчууд сарын 1 сая 300 мянган воннын цалин авдаг аж.

ГЭРЭЭТ АЖИЛЧДАД ЯМАР ДЭМЖЛЭГ БАЙДАГ ВЭ?

БНСУ-д гэрээт ажилтнаар очиж байгаа иргэдэд зөвлөгөө өгөх, тэдэнд хэрэгтэй тусламжийн төвүүд Сөүл болон Ансан, Бусан зэрэг хотуудад байдаг байна. Солонгосын Хүний нөөцийн хөгжлийн газрын гадаадын ажилчдад зориулсан үйлчилгээний төвөөр дамжуулан хэрэгтэй мэдээллийг авч болох аж. /http://eps.hrdkorea.or.kr/main/intro.do/

Гэрээт ажилчдын хувьд ажиллах хугацаандаа солонгос хэлээ сайжруулах, өөрт хэрэгтэй сургалтад хамрагдах боломжтой юм байна. Сөүл хотын төвд байрлах энэхүү төв нь амралтын өдөр буюу ням гаригт үйлчилгээ явуулдагаараа онцлогтой аж. Энэхүү төвтэй 1577-071+9 дугаарын утсаар холбогдон ажлын байрны талаар мэдээлэл, буцах болсон тухай, мөн өөрт хэрэгтэй бүхий л мэдээллийг монгол орчуулагчаар дамжуулан авах боломжтой болсон байна. Олон зөвлөгөөг зөвлөгөөг тус төвөөс өгдөг болсныг монголчууд хэлж байв.

ХАРААР АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭД БАЙНГЫН ТҮГШҮҮРТЭЙ БАЙДАГ

БНСУ-д гэрээт болон хараар ажиллаж буй монгол иргэд олон бий. Уулзалтад гэрээт ажилчид хүрэлцэн ирсэн. Тэд хэлэхдээ мэдээллийг бид фэйсбүүк хуудсаас авдаг. Мөн интэрнэт вэб сайтуудад завтай үедээ зочилж, цаг үеийн мэдээллээс хоцрохгүй байгаагаа дуулгасан. Өдгөө тус улсад хараар ажиллаж буй монголчууд олон бий. Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас хууль бусаар амьдарч байгаа иргэдэд зориулсан “Өршөөлийн сар”-ыг зарлаад байгаа аж. Энэхүү сарын хугацаа есдүгээр сарын 30-д дуусах байсан ч арванхоёрдугаар сарын 30-ыг хүртэл хойшлуулжээ. Энэ хугацаанд хууль бусаар амьдарч байсан иргэд нутагтаа буцаагүй тохиолдолд Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасаж, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.

Тус улсын Цагаачлалын албаны мэдээллээр манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визний хугацаагаа хэтрүүлжээ. Дээрх аян явагдсанаар одоогоор 800 гаруй иргэн сайн дураараа эх орондоо ирээд байгаа аж. Хэдийгээр “Өршөөлийн сар” зарласан ч сард хоёр сая воннын цалин авдаг болохоор нутаг буцах бодолгүй байгаагаа зарим монголчууд хэлж байв. Хараар ажиллаж байгаа тэдний хувьд байнгын түгшүүртэй байж, ажлаасаа гэрийн гаднаа таксикаар буулгадагаач нуусангүй. Мөн хөрш айл нь солонгос иргэд бол тэднийхээ арга эвийг олж, хараар байдагаа мэдэгдүүлэхгүй байх гээд амаргүй байдгаа хэлж байлаа.

МОНГОЛДОО БУЦАЖ ИРСЭН ИРГЭД ХЭРХЭН ДЭМЖЛЭГ АВАХ ВЭ?






Өмнөд Солонгол улсын Хөдөлмөрийн яамны дэргэдэх Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар 2006 оноос эхлэн манай улсад үйл ажиллагаа явуулж байгааг дээр дурдсан. Энэхүү төв монголдоо буцаж ирсэн иргэдэд хэрэгтэй зөвлөгөөг өгдөг байна. Тус төв Монгол-Солонгосын хүний нөөцийн хөгжил ба харилцааг өргөжүүлэх, буцаж эх орондоо ирсэн иргэдийн даатгал, солонгосын компанитай холбоотой хэрэгтэй мэдээллийг өгөх аж. Мөн БНСУ-д хөдөлмөр эрхлэхийг хүсэгчдийн солонгос хэлний шалтгалтыг аваад эхэлжээ. Энэхүү төв www.monkor.net/index.php сайтаараа дамжуулан мэдээллийг түгээдэг байна.