Friday, May 5, 2017

Г.Маралмааг хүчиндсэн гэх хэргийн талаар мэдээлэл хийлээ



Дөрвөн настай дагавар охиноо зодож, хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Г.Маралмаа нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдаад хүчиндүүлсэн гэх хэргийн талаар өнөөдөр Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Яллагдагч Г.Маралмаа 2016 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийн материалтай танилцах үедээ дэслэгч Б-д халуун усны өрөөнд хүчиндүүлсэн гэж гомдол гаргажээ.  Гэвч уг хэрэгт холбогдсон дэслэгч Б үүнийг үгүйсгэж, мэдүүлэг өгсөн байдаг аж. Тэрээр Г.Маралмааг “Би хүчиндээгүй. Толгой өвдөөд байхаар нь толгойгоо бариулсан” гэжээ. Ийнхүү хэрэг шалгагдаж байх үед дэслэгч Б энэ сарын 03-нд гэрээслэл үлдээгээд, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах гэртээ боомилсон байдалтай олдсон байна. Тэрээр гэрээслэлдээ “Би худал зүйлд гүтгэгдэж, амьдарч чадахгүй нь. Гэрийнхнээсээ уучлалт хүсч байна” хэмээсэн байжээ.  
Талийгаачийн үлдээсэн гэх гэрээслэл бичгийг прокуророос шалгахаар авч явсан байна. Мөн түүний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгт задлан шинжилгээ хийсэн байна.
Түүнчлэн Г.Маралмаа цагдааг гүтгэсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 95.1-ээр бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт буруутгагдаж болох аж.
Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.  
Д.Тамир