Tuesday, May 2, 2017

Ой долоон сартай хүүхдийг хүчирхийлсэн хэргийг нууцалж байна



Энэ оны гуравдугаар сарын 13-нд ой долоон сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарч олон нийтийг ихэд цочирдуулсан. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс тус хэргийг шалгаж, хэрэгтнийг шүүж байгаа гэсэн мэдээллийг өгч байв. Тэгвэл хэргийн мөрөөр хэрэгтэнд хариуцлага тооцсон эсэхийг лавлахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийг зорин очсон юм. Дээрх хэргийн тухай лавлахад хэвлэлийн албанаас “Манайд ийм мэдээлэл ирээгүй. Ирсэн бол бид шуурхай ажиллаж, арга хэмжээг яаралтай авах байсан” хэмээв. Гуравдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн хэргүүдийг шүүж үзэхэд бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэг огт бүртгэгдээгүй байв.
Улмаар сэтгүүлч миний бие анх мэдээлэл авсан Хүүхэд хөгжил хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяагаас хэргийн тухай лавласан юм.
-         Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ой долоон сартай хүүхдийн хэрэг хэрхэн шийдсэн талаарх мэдээллийг авахаар очиход  огт тийм хэрэг бүртгэгдээгүй гэсэн үгүйсгэсэн хариулт өглөө. Энэ ямар учиртай вэ?
-         Энэхүү хэрэг нь Сүхбаатар дүүрэг дээр шалгагдаж байгаа. Бид энэ хэргийг задалж ярихгүй. Тиймээс мэдээлэл өгөхгүй.
-         Мэдээж ойлгож байна. Энэ бол онц ноцтой, хүнд гэмт хэрэг. Гэвч хэрэгтэнд ямар нэгэн хариуцлага тооцсон эсэхийг нь мэдэх нь бидний эрх. Хохирогч охины ээж архинаас хамааралтай байх магадлалтай гэсэн мэдээлэл байна. Хүүхдийн биеийн байдал одоо ямар байгаа бол. Танайх ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-         Шүүх хуралд манайхаас шинжээч томилогдоно. Хэрвээ ээж нь архины хамааралтай, эрх зүйн чадамжгүй байвал манайхаас хүүхэд хамгааллын мэргэжилтэн томилогдож, шүүх хуралд оролцоно.
 Хэргийг улам лавшруулан Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хэлтсийн дарга Ц.Хулантай утсаар холбогдсон юм. Тэрбээр “Энэ гэмт хэрэг нь онц ноцтой хүнд гэмт хэрэг. Энэ талаарх мэдээллийг өгөхгүй. Та нар энэхүү хэргийг нийгэмд ил гаргаж болохгүй. Хэрэг үйлдсэн хүний сэтгэлзүйг бодох нь зөв. Хэрэгтэн ч гэсэн хүн гэдгийг санах хэрэгтэй” гэв.
  Хэрэг хоёр гаруй сарын өмнө гарсан. Гэтэл одоог хүртэл шийдэгдээгүй байдаг. Нууц эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгтэн нь хохирогчийн ээжийн төрсөн дүү болох 26 настай эрэгтэй гэсэн юм. Энэ төрлийн хэрэг гардаг боловч чимээгүйхнээр дарагдаад өнгөрөх нь олонтаа. Охины насан туршид нь үлдэхээр хар толбо үлдээсэн хэрэгтэнд ямар шийтгэл ноогдуулах бол. Бид энэхүү хэрэг хэрхэн шийдэгдэж, хэрэгтэнд ямар хариуцлага тооцсоныг эргэн сурвалжлах болно.
Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn