-“НАМАЙГ ГИЧИЙ, АВГАЙ ГЭЖ ХЭЛЛЭЭ” ХЭМЭЭН БООЖ, ТҮЛХСЭНИЙ УЛМААС ХОХИРОГЧ ЦЕМЕНТ ДЭЭР ТОЛГОЙГОО САВЖ УНАСАН БАЙНА-
Өнгөрсөн сарын 18-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх иргэн Б.С-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцжээ.
Ялтан Б.С нь 2015 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээжис” караокены зүүн хойд хэсэгт иргэн Л.А-тай муудалцсан байна. Улмаар “Намайг гичий, авгай гэж хэллээ” хэмээн уурлаж, иргэн Л.А-гийн хувцасны захаас хоёр гараараа заамдан боож, улмаар түлхэн унагажээ. Харамсалтай нь, энэ үед хохирогч эрэгтэй цемент дээр толгойгоороо савж унан, улмаар эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барж, иргэн С.Б хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.С-г бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ялтан Б.С нь шүүхэд мэдүүлэхдээ "...Энгэрийнх нь заамнаас заамдаж байгаад түлхчихсэн" хэмээсэн байна. Хохирогчийн эхнэр "Манай нөхөр Л.А-гийн өмсөж явсан футболкны захаар хоёр гараараа заамдаж аваад боосон. Б.С манай нөхөр Л.А-г хойш нь түлхсэн бөгөөд манай нөхөр хатуу цементен дээр толгойгоороо саваад унасан. Би Б.С гэх эмэгтэйд манай нөхрийг тавьчих, би нөхрөө аваад явлаа гээд гуйгаад байхад тавихгүй, хоёр гараараа заамдаж, заамдсан гараараа манай нөхрийг түлхсэн" гэж мэдүүлжээ.
Н.БАЯР
