Monday, May 1, 2017

БУЛЧИНЛАГ, ГУАЛИГ БИЕЭ ГАЙХУУЛДАГ ХҮМҮҮС СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ БОЛОХЫГ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ


– Баасан гаригийн орой над шиг фитнесст байгаа хүн алга. Би ч сайн залуу юм аа. 
– Замбараагүй идчихсэн чинь бүр таргалж гүйцлээ. Бэлтгэлээ хийгээд эхэлсээн. 
Шударгаар хэлээрэй, Фэйсбүүктээ дээрх постыг бичиж, булчин шөрмөсөө гайхуулсан зураг хийдэг найз танд хэд хэд байгаа биз. Та өөрөө ч тэдний нэг байж магадгүй. Иймэрхүү зургийг хараад та “Мундаг юм аа, би ч гэсэн фитнесст явах юм сан”, “Зүгээр дасгалаа хийнэ биз, дандаа зураг авахуулж байх юм” гэж боддог уу эсвэл “Нүд хийхээ болиод, төмрөө өргө” гэж коммент бичдэг үү? Ямартай ч танд нэгэн сонирхолтой судалгааг хүргэе.
Лондон дахь Брунелийн их сургуулийн эрдэмтэд хүмүүс яагаад фитнесст авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд байнга оруулдаг талаар судалгаа хийжээ. Судалгааны дүгнэлтийг цөөн үгээр хэлэхэд, долигонуур бус хариу гарсан байна.
Бусдын анхаарал, хүндлэлд донтох өвчин 
Дасгал хийх бүртээ Фэйсбүүкт зураг оруулж, пост бичиж, фитнесст check-in хийдэг хүмүүсийг ерөнхийд нь “өөрөөрөө бахархах” сэтгэцийн өвчтэй гэж дүгнэжээ. Сонирхолтой нь, булчин шөрмөс, гуалиг биеэ ил гаргасан зургууд бусад постноос хамаагүй илүү “Like” цуглуулдаг нь ажиглагдсан байна.
Тиймээс фитнессчид цахим орчинд бусдын анхаарал, хүндлэлийг хүлээхийн тулд гадаад төрхөндөө ихээхэн анхаарал хандуулдаг аж.

Өөрөөрөө бахархах өвчтэй хүмүүсийн тоонд фитнессчид төдийгүй амжилт ололтынхоо талаар үргэлж бичдэг хүмүүс ч багтана.

Харамсалтай нь, таны пост их Like авлаа гээд энэ нь хүмүүс таны өөрийгөө дөвийлгөсөн байдалд дуртай байна гэсэн үг биш.
Судалгааны багийн ахлагч, доктор Тара Маршал “Хэдийгээр өөрөөрөө бахархагчдын онгироо постууд ашгаа өгч, илүү их Like, коммент цуглуулдаг ч шударгаар хэлэхэд Фэйсбүүк найзууд нь тэдний өөрийгөө өргөмжлөх занд нууцаар дургүйлхэж байдаг” гэж хэлсэн байна.
Тэгэхээр хэдийгээр та дасгалаа сайн хийж, биед чинь илт өөрчлөлт гарч байгаа ч энэ талаар өдөр бүр Фэйсбүүктээ бичихээ азнаарай.